Эмнэлгийн орчинд нярай эндсэн, тариа андуурч хийсэн зэрэг зөрчлүүд гарчээ
Баянгол дүүргийн прокурорын газраас 2021-ээс 2024 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай холбоотой болон эмнэлэгт үйлдэгдсэн гэх 105 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ.
Тодруулбал, эмнэлгийн орчинд ураг зулбасан, нярай эндсэн, эмчлүүлж байгаад нас барсан, эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй, тариа андуурч хийсэн, эд зүйлээ хулгайд алдсан, бусдад зодуулсан, залилуулсан зэрэг гомдол, мэдээлэл 2021 онд 34, 2022 онд 24, 2023 онд 45, 2024 оны 6 сарын байдлаар 2 бүртгэгдсэнийг хуулийн дагуу шалгуулах арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг гаргасан байна.
Дээрх төрлийн гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа тул дүүргийн прокурорын газраас шалтгаан, нөхцөлийг судлан, энэ талаар Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч ажилтнуудад танилцуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийлээ.