Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон, дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Зуны олимпын наадам Франц улсын Парис хотноо 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болно. 1900, 1924 онуудад Зуны олимпын наадмыг зохион байгуулж байсан туршлагатай Франц улс ийнхүү гурав дахь удаагаа тус наадмыг зохион байгуулж байна. Олимпын нээлтийн түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус Парис хотын дундуур урсах Сена мөрөн дээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Олимпод оролцох 200 орчим орны төлөөллүүд тус бүр өөрсдийн завиар Сена мөрөн дээгүүр нийт зургаан километрийн турш явж үзэгчидтэй мэндлэнэ. Мөн ойр орчимд байрлуулсан 80 том дэлгэцээр ёслолын үйл ажиллагааг шууд дамжуулах аж. Нийт 16 хоногийн турш үргэлжлэх Парис-2024 зуны олимпын наадмаар дэлхийн шилдэг 10 000 гаруй тамирчин 32 спортын төрөлд өрсөлдөнө. Харин манай улсын хувьд буудлага, байт харваа, бокс, дугуйн спорт, чөлөөт бөх, марафон, жүдо зэрэг төрлүүдэд хүчээ сорино. Түүнчлэн, 33 дахь удаагийн Зуны олимпын наадам дууссанаас 17 хоногийн дараа буюу наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Парис-2024 паралимпын наадам эхэлнэ. Энэхүү наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 4000 гаруй тамирчин 549 медалийн төлөө хурд, хүчээ сорих юм. Пара спортын тамирчид ширээний теннис, гар бөмбөг, усан сэлэлт, жүдо зэрэг ганцаарчилсан болон багийн спортын 22 төрлөөр 12 өдрийн турш өрсөлдөх бөгөөд энэ жилийн паралимпын наадмыг Монгол улсад анх удаа шууд дамжуулах болсноороо онцлог аж.
Эх сурвалж: Өнөөдөр сонин