Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн
Би гадаадын их дээд сургуульд элсэн орохын тулд эхлээд АНУ-д ахлах сургууль төгсөх нь зөв юм байна гэж эцэг эхтэйгээ зөвлөлдөөд, АНУ-д сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн.
Хөтөлбөрийн дагуу эхлээд намайг нэг жил гэртээ амьдруулах Америк айл олох ёстой. Айлаа олсны дараа сургуулиа сонгодог. Ийм дараалалтай. Гэтэл намайг сонгох айл олддоггүй. Нэлээн удсаны эцэст нэг гэр бүл намайг сонгож, би 12-р сард баяр хөөртэйгээр АНУ-г зорилоо.
Харамсалтай нь, очсон айлынхаа ойролцоох сургуулиудад хандсан боловч, “Есдүгээр сард хичээл эхэлсэн учраас гурван сар хоцорсон хүүхдийг бид авч чадахгүй” гэсэн шалтгаанаар намайг сургуульдаа авахаас татгалзаж, би нутаг буцахаар боллоо. Баяр хөөр минь хийсэн одов.
Гэтэл Америк гэр бүлийн маань аав: “Би чамайг Монгол руу буцаамааргүй байна. Чамд би боломж олгомоор байна.” гэж хэлээд, өндөр төлбөртэй хувийн сургуульд өөрийнхөө зардлаар намайг суралцуулахаар болсон. Өмнө нь огт таньдаггүй байсан хаа холын Америк хүн намайг гэртээ амьдруулаад, бас дээрээс нь сургуулийн маань төлбөрийг төлнө гэхээр итгэмээргүй...
Миний амьдралд маш том тус хүргэсэн энэ хүнд би үргэлж талархаж, байнга холбоотой байдаг. Сүүлд би АНУ руу очихдоо уулзахад, намайг хараад өөрийнхөө хүүхэдтэй уулзаж байгаа юм шиг л баярлаж, сүйд болсон. Тухайн үед энэ хүн надад туслаагүй бол би Англид Бакалавр, Австралид Мастерын зэрэг хамгаалах байсан нь эргэлзээтэй. Тиймээс энэ сайхан сэтгэлт хүний ачийг би хэзээ ч мартахгүй.
Шинэбаярын Бямбасүрэн