СЕХ: Г.Сайханбаяр сонгуулийн кампанит ажлаа зогсоож болох ч саналын хуудаснаас нэрийг нь хасахгүй
Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаас хойш эргүүлэн татах боломжгүй гэсэн заасан. Тодруулбал, 32.13-т нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж заасан. Тэгвэл нэр дэвшигч Г.Сайханбаярыг сонгууль дуустал эгүүлэн татах боломжгүй болох нь. Энэ талаар СЕХ-ноос тайлбарлахдаа "Нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаснаас хасах боломжгүй. Харин тухайн нам, нэр дэвшигч сонгогчдын саналыг авахгүйн тулд сонгуулийн штабаа тарааж, сурталчилгаагаа зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэж болох юм. Гэхдээ одоогийн байдлаар МАН-аас 1-р тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эгүүлэн татах болсон тухай албан бичиг ирээгүй байна. Гэхдээ саналын хуудсанд нэгэнт нэр нь бичигдсэн тул УИХ-д сонгогдох хэмжээний санал авахыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол Г.Сайханбаярын нэрийг нам нь эгүүлэн татаж, оронд хамгийн их санал авсан 10 дахь хүн УИХ-ын гишүүн болно" гэлээ.