2021 оны арваннэгдүгээр сард “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлж “Нэг зуун сая мод” тарьж ургуулах үүрэг амлалт авсан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд 2022-2023 онд нийт 11.015.411 ширхэг мод тарих болон түүнтэй дүйцэх ажлуудыг гүйцэтгэсэн байна. Тайлант хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хариуцлагатайгаар биелүүлж 10.964.877 ширхэг мод тарих ажлыг гүйцэтгэжээ. Үүнд ойжуулалтын ажлын хүрээнд 190.785 ширхэг модыг ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох, авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах гэсэн гурван үндсэн чиглэлийн хүрээнд тарьсан байна. Нийт 10.774.092 ширхэг мод тарьсантай дүйцэхүйц ажлыг хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх, ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, судалгаа, хөгжүүлэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.БАЯР