МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Монгол улсаас анх удаа Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ 80 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт буюу AGM /Annual General Meeting/ энэ сарын 2-4-ний өдрүүдэд Дубай хотноо болж байна. Чуулганд оролцохоор IATA-ийн гишүүн орнууд, стратегийн түншүүд, олон улсын болон бүс нутгийн холбоод, агаарын тээврийн салбарын бизнес эрхлэгчид, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд цуглаад байна. Уг чуулганаар өнгөрсөн жилийн нэгдсэн тайлан, агаарын тээврийн салбарын аюулгүй байдал, түүнтэй холбоотой бусад тайланг батлах юм.
Энэ удаагийн AGM-д Монгол Улсаас МИАТ ТӨХК-ийн удирдлагууд оролцож байна. Тэгвэл өнөөдрийн хуралдааны үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож байгааг албан ёсоор зарлалаа. Тус холбооны удирдах зөвлөлд Lufthansa, American Airlines, ANA, Turkish Airlines, United Airlines, Qatar airways, Air Canada, Japan Airlines, Air France KLM, Korean airline зэрэг дэлхийн томоохон агаарын тээвэрлэгчийн удирдлагууд багтдаг байна. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тус холбооны Удирдах зөвлөлд орсноор Монгол Улсаас анх удаа IATA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм.
Дашрамд дурьдахад, олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо нь 1945 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 120 орны 330 агаарын тээвэрлэгчийг гишүүнээр нэгтгэсэн томоохон холбоо юм. МИАТ ТӨХК 1996 онд тус холбоонд элссэн байна.