Мэдээлэл технологийн компаниудад дэмжлэг үзүүлнэ
Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Засгийн газраас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь виртуал бүс буюу цахим орчинд мэдээллийн технологийн компаниуд тодорхой шалгуур давж, бүртгүүлэх, бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага татварын болон татварын бус дэмжлэгтэйгээр зах зээлд гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Энэ хууль батлагдсанаар мэдээллийн технологийн компаниудыг E-Mongolia-д нэгдсэн байдлаар бүртгэнэ. Ингэхдээ хувийн хэвшлийн төлөөлөл бүхий мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн зөвлөл ажиллаж, шалгуур хангасан эсэхээс хамаарч тухайн бүсэд бүртгэнэ. Бүртгүүлсэн компаниудад татварын болон бусад дэмжлэг үзүүлэх талаар төсөлд тусгасан. Татварын хөнгөлөлт, дэмжлэгийг Сангийн яамны шалгуураар илүү тодотгож өгөх шаардлагатай гэсэн саналыг Ажлын хэсэг ирүүлжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал гаргах эрх зүйн орчин байхгүй тул Төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж, ирэх оны төсвийг хэлэлцэх үед тэдгээр шалгуурыг тодорхой тусгаж өгөх боломжтой гэв. Мөн мэдээллийн технологийн виртуал бүсийн Орон тооны бус зөвлөл, бүсэд тавих шаардлага, ажиллах журмыг гүйцэтгэх засаглал тодорхойлно. Шалгуур, босгыг тодорхой тавих бололцоотой.
Сангийн яамны төлөөлөл:
-Цахим орчинд мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус олон дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан. Гэвч хуулийн энэ заалттай холбоотой том эрсдэл үүсэж байгаа. Томоохон компаниуд татварын өмнөх ашгаа виртуал бүс дэх аж ахуйн нэгжүүд рүү хандив нэрээр шилжүүлж, татвараас зайлсхийх “цоорхой” үүсэх, цаашлаад Европын холбооны “хар, саарал” жагсаалтад орох эрсдэлтэй тул өмнөх жишгийн дагуу тодорхой хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй гэлээ.
Ийнхүү Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.САЙХАН