БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО
Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай, аж үйлдвэржсэн орнуудын нэгдэл буюу “Их долоо”-гийн бүлэг өнгөрсөн долоо хоногт Италийн Турин хотод чуулж, цахилгаан станцуудаа унтраах томоохон шийдвэр гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлтийг эсрэг үе шаттайгаар хэрэгжүүлж буй амлалтынхаа хүрээнд нүүрснээс татгалзаж, цахилгаан станцуудынхаа “унтраалга”-ыг дарж гараад сэргээгдэх эрчим хүчинд анхаарах зорилт гаргасан байна. Гэтэл бид энэ хугацаанд эрчим хүчнийхээ тодорхой хувийг гаднаас авч, хариуд нь цахилгааны төлбөрт жилд 250 орчим сая ам.доллар зарцуулж, V цахилгаан станцаа барина, барихгүй гэж явсаар 20 жилийг үдэв. Монгол Улс нүүрсээрээ баяжиж, коксжих нүүрсний зах зээлийн том тоглогч болоод үсрэнгүй хөгжинө гэж сэрүүн зүүдэлсээр байтал дэлхий нийт нүүрснээс татгалзаж, цахилгаан станцуудаа унтраах боллоо...
-“ИХ ДОЛОО” ЮУ ЯРИВ-
Их долоо”-гийн бүлэг өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотод дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, цахилгаан станцуудаа “унтраах” томоохон шийдвэр гаргасан. Тухайлбал, АНУ, Их Британи, Европын холбоо, Герман, Итали, Япон, Франц, Канадын Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эдийн засгийн сайд нар Италид чуулж, хэдэн жилийн өмнө санал нэгдээд байсан “Нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар зогсоох амлалт”-тайгаа холбоотойгоор хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй хөтөлбөрийнхөө хүрээнд 2035 оноос өмнө “Их долоо”-гийн орнууд нүүрсний хэрэглээгээ бүрэн зогсоож, цахилгаан станцуудаа унтраахаа мэдэгдэв.
Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард болсон НҮБ-ын “СОР28” уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар дэлхийн нийт нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээнээс татгалзах амлалт өгсөн. Харин тус уулзалтаас хойших уур амьсгалын өөрчлөлтөөрх дараагийн том уулзалт болж буй “Их долоо”-гийн Турин дахь дээд хэмжээний уулзалтыг Италийн Эрчим хүчний сайд Жильберто Пикетто-Фратини даргалан явуулсан. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх амлалт хүрээнд хийж буй ажлуудаа үе шаттайгаар, цаг хугацааны зохих хуваарийн дагуу хэрэгжүүлэхийг онцолж байв. Түүнчлэн
- “Их долоо”-гийн бүлгийн орнууд нүүрсний хэрэглээг 2030 оны дунд үеэс бүрэн зогсоох,
- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт заасан цельсийн 1.5 градусын зорилтот түвшинг хангах,
- Төлөвлөгөөг заасан хугацаанд хуваарийн дагуу шат дараатайгаар хэрэгжүүлэх,
- 2030 он гэхэд “Их долоо”-гийн орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 58 хүртэл хувиар бууруулах,
- 2030 он гэхэд дэлхий даяарх сэргээгдэх эрчим хүчний нөөцийг 2022 оны түвшнээс зургаа дахин нэмж, 1.5 сая гигаваттад хүргэх,
- Цөмийн энергийн судалгаа, шинжилгээний ажлуудаа эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.
Хэдий тус бүлгийн орнуудын Засгийн газар хүлэмжийн хийн ялгаруулалтаа 58 хүртэлх хувиар бууруулах амлалт өгсөн ч олон улсын уур амьсгалын хөдөлгөөний байгууллагууд бодит нөхцөл байдалд хувь нь 19-33 хувь байх тооцоо гаргажээ. Түүнчлэн Япон Улс байгалийн нөөц баялаг хомс, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр багаас гадна 2011 оны газар хөдлөлт, цунамигаас үүдэлтэй Фүкүшимагийн АЦС-ын ослоос хойш дийлэнх цөмийн реактор нь зогссон зэрэг шалтгаанаар бүлгийн дээд хэмжээний уулзалтаар шаталсан цаг хугацааны хуваарийг дагаж мөрдөх боломжгүйгээ хүлээн зөвшөөрч мэдэгдсэн байна.
-УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН “ГОЛ ДАЙСАН” НЬ НҮҮРСНИЙ САЛБАРЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАНК, КОМПАНИУД ГЭВ-
Гэсэн ч нүүрснээс татгалзаж, цахилгаан станцуудаа унтраах шийдвэр гаргасан “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор олон улсад хэд хэдэн чухал асуудал яригдаж, зарим байгууллага эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, дэлхийн нүүрсний хамгийн том эх үүсвэр болох БНХАУ, БНЭУ зэрэг Азийн орон, Австрали Улс “Их долоо”-гийн гишүүн биш. Хэдий тус бүлэг нүүрсийг халж, цахилгаан станцынхаа “унтраалга”-ыг дарах зорилт дэвшүүлсэн ч дэлхийн бусад орон дагах эсэх нь тодорхойгүй гэсэн асуудал гарчээ. Харин дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарим байгууллага “Их долоо”-гийн энэ амлалтад зөвхөн тус бүлгийн орнуудаас гадна дэлхийн эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгаруулалтад хариуцлага хүлээдэггүй компаниуд хамаарахыг мэдэгджээ. НҮБ болон бусад их гүрнүүдийн нэгдэл, холбоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих асуудалд санал нийлж байгаа ч “Нүүрснээс татгалзах хол байгаа” гэж зарим олон улсын хэвлэл бичиж буй. Тэгвэл Германд төвтэй “Urgewald” компани олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжүүлэг банкнууд, нүүрсний компаниудын 2016-2023 оны санхүүжилтийг хянасан судалгаа “Нүүрс эцэстээ хүрч байгаа”-г харуулж байгаа гэнэ.
Тайланд дурдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрээс хойш олон улсын банкнуудын нүүрсний салбарт үзүүлэх санхүүжилт үлэмж хэмжээнд буурсан. Гэсэн хэдий ч зарим банк ашиг орлогын асуудалтай холбоотойгоор энэ салбарт хөрөнгө оруулалтаа их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь ноцтой асуудал болж байгааг “Urgewald” компани судалгаагаараа онцолсон байна. Тодруулбал, Парисын хэлэлцээрээс хойш дэлхийн нүүрсний хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг нь “Их долоо”-гийн Америкийн банк байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн онд гэхэд нийт нүүрсний санхүүжилт нь 2.8 тэрбум ам.доллар хүрч, 2016 оны үеэс хойш 30 гаруй хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Харин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх НҮБ-ын суурь санаачилгын эсрэг нүүрсний санхүүжилтээ нэмж байгаа талаараа “Bank of America” “АНУ дулааны нөлөөллийг буруулах асуудалд ашигласан. 2025 он гэхэд энэ төрлийн санхүүжилтийг үе шаттайгаар зогсоохоор ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Хэдий дэлхийн зарим банк, компани нүүрсний санхүүжүүлэлтээ нэмсэн ч нөгөө талд томоохон эх үүсвэр болж байгаа орнууд эсрэг үйлдэл хийж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулж байгаа гэнэ. Тодруулбал, “Urgewald”-ийн судалгаанд хамрагдсан 638 банкны нүүрсний салбарт үзүүлсэн санхүүжилт 136 тэрбум ам.доллар болж 2016 оны үеэс 20 хувиар буурсан үзүүлэлттэй. Түүнчлэн дэлхийн томоохон нүүрсний эх үүсвэр гэгддэг БНХАУ-ын банкнууд санхүүжилтээ багасгаж, тус улс өнгөрсөн оноос сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн. Үүнийг даган Европын хамгийн том нүүрс санхүүжүүлэгч “Barclays” компани, Японы гол тоглогч “Mizuho Financial Group”, Энэтхэгийн Төрийн банк нүүрсний салбарт үзүүлэх хөрөнгө оруулалтаа үлэмж хэмжээгээр бууруулсан нь нүүрснээс гаралтай эрчим хүчний салбарын төгсгөл ойртсоныг сануулж буй явдал болж байгааг олон улсын судлаач, шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: Ergelt.mn