Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?
Өнөөдөр Сөүл рестораны удирдлагууд автомашины зогсоолын асуудал болон цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын талаар мэдээлэл хийсэн билээ. Тохижилтоос болж тухайн ресторанаар хүмүүс үйлчлүүлэх боломжгүй болж, 150 гаруй ажилчин ажлын байргүй болох нөхцөл байдал үүсээд байгаа талаар ярьсан юм. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар дээрх асуудалд тайлбар хийжээ.
Тэрбээр "Д.Өнөрболор өөртөө 50 машины зогсоолтой байх ёстой юмуу. Улаанбаатар хотын 2 сая иргэн тайван хүүхдийн парктай байх уу гэдгийг хэдүүлээ сонгоё. Одоо сонгууль дөхөж байгаа энэ үед эмэгтэй хүнд хэдэн үг хэлээд яах вэ дээ, яршиг даа гэж бодож байна. УИХ-ын гишүүн гээд хотын даргыг дарамталж ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй. Би хэлээ хазаад өнгөрөөе.
Хүүхдийн паркийн ерөнхий төлөвлөгөөнд огт машин байхгүйгээр батлагдсан юм билээ. Би Д.Өнөрболороос айгаад тэнд нь зогсоол шийдье гэвэл Авлигатай тэмцэх газарт дуудагдана. Би тэрийг би өөрчилчихсөн зүйл байхгүй, хот байгууллалт дээр аль эрт батлагдсан байдаг. Парк руу хүн орж ирэхээрээ тайван алхаж явах орчин. Гэтэл энд тэндээс машин гараад ирэх вий гэдэг айдас хүйдэстэйгээр явах ёсгүй. Хоёрдугаарт намайг ирэхээс өмнө төлөвлөгөө нь батлагдсан байсан. Ингээд л ярихаа болъё” гэв.