Нийслэлийн газар олголтоор сонсгол явуулах Түр хороог Б.Энхбаяраар ахлуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн газар олголттой холбоотой асуудлыг шалгаж, нээлттэй сонсгол явуулах үүрэг даалгаврыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт даалгасан байна. Энэ талаар ХЗДХийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн өдрүүдэд гарсан шиг гаймшигт явдлууд давтагдаж болзошгүй эрсдэл өндөр байна. Зун үер болсон, нийтийн тээврийн асуудал хүнд байна, хоёр сар дугаарын хязгаарлалт хийлээ. Одоо даваа гаригаас дугаарын хязгаарлалт цуцлагдаж, хүүхдүүд хичээл сургуульдаа яваад эхлэхээр тэг зогсолт болох нь. Ер нь Улаанбаатар хот шиг хот дотуураа аюултай ачаа, эд зүйлс тээвэрлэдэг хот тун ховор. Сая бол нэг л тээврийн хэрэгслээс үүдсэн үр дагаврын асуудал ярьж байна. Гэтэл бид чинь хот дотуураа аюултай тээвэрлэлтийг төмөр замаар хийдэг. Орон сууцны хороолол, үйлчилгээний төв, байгууламжууд дунд шигүү, орох зайгүй баригдсан байна. Үүнийг шийдэхтэй холбоотой тойрог замын асуудлууд баригдаж байна. Тойрог замын асуудлыг шийдье гэхээр газрын асуудалтай нүүр тулдаг. Засгийн газрын хуралдаанаар энэ мэт олон асуудлыг тойрч ярьсан.Ер нь Улаанбаатар хот дарьтай торх болж хувирсан байна. Утаа, нийтийн тээвэр, газрын асуудлаас эхлээд. Энэ бүхний үндэс нь авлига дээр очиж байна. Ялангуяа сүүлийн 20 жилийн газрын авлигатай холбогдож байна. Энэ асуудлаас болж өнөөдрийн Улаанбаатарын асуудлыг хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй түвшиндээ хүрсэн байна. Тиймээс асуудлын уг шалтгаан, өнгөрсөн 20 жилийн газар олголт, авлига, нийтийн тээврийн асуудлаар иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд, Авлигатай тэмцэх бодлогын хүрээнд асуудлыг зөвхөн Засгийн газрын түвшинд ярихгүйгээр УИХ-ын түвшинд нийслэл Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуулыг хянан шалгаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулах үүрэг даалгаврыг авлаа. Түр хороо байгуулж, үүнийг ХЗДХ-ийн сайд өөрөө ахалж ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ асуудлаар миний бие УИХ-ын даргад хандаж, Түр хороо байгуулах асуудлыг тавина. Ээлжит бус чуулганаар Түр хороо байгуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Ингэхдээ энэ Түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайдаараа ахлуулах улс төрийн шийдвэрийг гаргаж байна” гэлээ.
itoim.mn