ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ЦЭРГИЙН ЦУУТАЙ ГЕНЕРАЛУУД дотроос, Монгол Улсын өөрийгөө хамгаалах цэргийн урлаг стратегийн үндэс суурийг шинжлэх ухааны үүднээс боловсруулж, амьдрал практик дээр хэрэгжүүлж ирсэн Б.Шагдар генерал буюу Шакий генералыг шагшран магтахгүй байхын аргагүй.
Б.Шагдар генерал бол далаад оны салаа, ротын захирагч, наяад оны хороо, нэгтгэлийн штабын дарга, ерээд оны Зүүнбаянгийн дивизийн захирагч зэрэг хорь гаран жил хээрийн армид шат дараалан алба хааж орос монголгүй бүх шатны сургуулийг нь төгссөн орчин цагийн жинхэнэ монгол цэргийн дарга төдийгүй улс төрийн ороо бусгаа он жилүүдэд ч Зэвсэгт хүчин болон Жанжин штабыг гадны хэн нэгний гар хөл болголгүйгээр цэвэр цэргийн мэргэжлийн байгууллагаар нь авч үлдэж тэдгээрийг арав гаран жил мэргэжлийн хувьд удирдсан цэргийн агуу стратегич, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депатут, Цэргийн ухааны доктор профессор цэргийн онол практикийг хослуулсан орчин цагийн монголын армийн байлдах цэргийн урлагыг үндэслэгч яах аргагүй мөн.
Ажил амьдралын нэвтэрхий толь болсон Шакий генерал аав нь хүүдээ арга билэгээ өвлүүлдэг монгол ухаанаар алс хол Зүүнбаянгаас Аюушийн Ганбат хэмээх өсөх ирээдүйтэй хурандааг тухайн үедээ бодлогоор хажуудаа дуудан авчирч армийг цаашид авч явах арга ухаан төрийн цэргийн бодлого нарийн нандин зүйлдээ зааж сургаж байсан нь дамжиггүй.
Генерал Аюушийн Ганбатын хувьд мөн л хээрийн армид салаа салбарын захирагч, хорооны штабын дарга, Зүүнбаянгийн дивизийн орлогч, БХЯ, ЗХЖШ-ын ахлах офицер, ЗХЖШ-ын Стратегийн газрын орлогч дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга, Стратегийн газрын дарга, ЗХЖШ-ын Тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагчаар ажилласан Одесст Цэргийн дээд, Москвад Фрунзын академи, Москвад Жанжин штабын академи, Америкт Батлан хамгаалахын академи төгссөн орчин цагийн монголын армийн бэлтгэгдсэн хамгийн чадалтай генерал гэгддэг.
2003 оны Иракийн дайны гал ид дүрэлзэж байхад цэргүүддээ дайн байлдааны туршлага олгох, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах зорилгоор Б.Шагдар генерал, А.Ганбат генерал, С.Баасанхүү генерал нарын шууд удирдлага дор Зэвсэгт хүчин цэргийн багаа бүрдүүлж илгээсэн анхны цэргийн багийн командлагч бол нэг хэсэгтээ л монголын нийгэм улс төрийг шуугуйлаад авсан Б.Баярмагнай генерал бөгөөд тэрээр Монголын армийн хамгийн анхны Иракийн цэргийн багийн командлагч, Монголын армийн хамгийн анхны Африкийн цэргийн багийн командлагч, дотоод гадаадад бүх шатны сургууль албыг шат дараалан дүүргэсэн Монголд төдийгүй дэлхийд цэргийн мэргэжлийн хувьд бэлтгэгдсэн боловсон хүчин билээ.
Б.Баярмагнай генерал 2003 онд Иракийн цэргийн багийн командлагчаар томилогдон Иракийн дайнд цэргээ чадамгай удирдан ямарч гарз хохиролгүй авчирсан бол 2005 онд хамгийн анхны Африкийн цэргийн багийн командлагчаар томилогдон олон улсын цэргийн гэмт хэрэгтэн Либери улсын ерөнхийлөгч асан Чарльз Тайлорийг НҮБ-ын даалгавараар баривчлан Гаагийн олон улсын шүүхэд шилжүүлэх тусгай ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн /зураг дээр Иракт болон Африкт НҮБ-ын Ерөнхий нбд Коффи Аннаны хамт/.
2000-аад оны эхээр Монгол Улс НҮБ, Ирак, Афганд цэргээ илгээх талаар цэрэг-улс төрийн шийдвэр гаргах, олон улсын гэрээ хэлцэл байгуулах, Энхийг сахиулах хууль гаргах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэм бол БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар таван сайдын нүүр үзэж тасралтгүй арваад жил ажилласан, армийн хамгийн түшиг тулхтай генерал гэгддэг С.Баасанхүү генерал юм.
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, цэргийн ухааны доктор, профессор, хошууч генерал С.Баасанхүү 1976 онд Цэргийн ерөнхий дээд сургууль, 1984 онд Москвад Малиновскийн нэрэмжит Хуягт танкийн цэргийн академи, 1995 онд Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи төгссөн, армид салаан захирагч, ротын захирагч, Зүүнбаянд батальоны захирагч, ангийн штабын дарга, ангийн захирагч, Зүүнбаянгийн дивизийн штабын дарга, мөн дивизийн захирагч, БХЯ-ны Стратегийн газрын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд зэрэг цэргийн удирдлагын бүх албан тушаалд дэвшин ажилласан аргагүй л орчин цагийн монгол цэргийн цуутай генералын нэг яах аргагүй мөн гэдгийг түүний удирдлагад таван жил тасралтгүй ажилласан миний бие бардам хэлэх байна /зураг дээр С.Баасанхүү генерал хамгийн захад томоор/. ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ