Өндрөөс унасан хүүхдийн багш, цэцэрлэгийн эрхлэгчид хариуцлага тооцно
Ховд аймгийн Жаргалант сумын тавдугаар цэцэрлэгт гуравдугаар сарын 29-нд бага насны хүүхэд өндрөөс унасан харамсалтай хэрэг гарсан. Тухайн хүүхдийн биеийн байдлын талаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс мэдээлэл өгөв. Ийм хэрэг гарсанд хэнд хариуцлага тооцох талаар Тус аймгийн цагдаагийн хэлтэс болон Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаас тодрууллаа.
Жаргалант сумын БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Д.ЦЭРЭНБАДАМ:
-Өндрөөс унасан дөрвөн настай хүүхдийн биеийн байдал хүнд байсны улмаас гэмтлийн тасагт яаралтай тусламж үзүүлсэн. Эхний ээлжиднарийн мэргэжлийн оношилгоо хийж, дунд чөмөг хугарсан, тархи доргилттой болохыг тогтоосон. Хүүхдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Компьютер томографийн шинжилгээгээр нарийвчлан харсан. Эмийн эмчилгээг үргэлжлүүлж байна.
Бага насны хүүхдийн яс хугарна гэдэг их өндрөөс унасан гэсэн үг. Энэ асуудлаар эмнэлэг дээр ар гэрийнхний төлөөлөл болон хүүхэд хамгааллын байгууллага, цэцэрлэгийн багш, удирдлага бүгд ирсэн.
Цаашид хүүхдийн биеийн байдлыг тогтмол хянаж, дараагийн шинжилгээнүүдийг давтан хийнэ. Өнөөдрийн шинжилгээгээр биед ноцтой өөрчлөлт илрээгүй. Тархины томограф дээр мөн яаралтай мэс засал хийхээр зүйл ажиглагдаагүй. Шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авах болно. Хүүхдийн ухаан санаа хэвийн, харилцаа асуудалгүй байна. Дунд чөмөгний хугарлын тухайд засч, гипсдэж бэхэлсэн. Хүүхэд ямар шалтгаанаар унасан болохыг холбогдох байгууллага л тогтоох байх. Гэхдээ бидэнд өгсөн мэдээллээр цэцэрлэгийн хоёр багшийн нэг нь доод давхар руу хүүхэд авахаар буусан. Нөгөө нь нойл орсон үед энэ асуудал гарсан гэсэн.
Сүүлийн үед хүмүүсийн санамсар болгоомжгүй байдлаас хүүхдүүд бэртэх нь нэмэгдсэн. Тухайлбал, орноос унагасан, мөсөн дээр хальтирч унасан зэрэг шалтгаанаар 0-3 насны хүүхэд гэмтэж, хоногт 2, 3-аараа ирж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдаас хүүхдэдээ сайн анхаарал тавихыг хүсч байна.
Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Б.Алтангэрэл “Тухайн хүүхдийн бүлгийг удирдаж байсан багш нар эрсдэлээс хамгаалах боломжтой байсан гэж харж байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авч байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн хэлснээр, хүүхэд унасныг мэдээгүй байхад гадаа байсан хүмүүс хэлсэн гэсэн. Тиймээс холбогдох хүмүүст хариуцлага тооцно" гэв.
Одоогийн байдлаар хүүхдийн эмчилгээ үргэлжилж байгаа аж. Албаны хүмүүсээс асуухад "Бүлгийн багш, цэцэрлэгийн эрхлэгчид хариуцлага тооцно" гэлээ.