Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...
Зарим нэг иргэд "Орос ах нар Украйныг газрын хөрснөөс арчих хэрэгтэй. Ганц цөмийн бөмбөг хая" гэцгээх юм даа. Цөмийн бөмбөг гэдэг тоглоом биш ээ. Түүний хор хөнөөл хэдэн арван жил үргэлжилдэг гэдгийг Японы хотуудаас харж болох юм.
Зөнч Ванга "Үлдсэн хүмүүс үрэгдсэн хүмүүстээ атаархах болно" гэж бичсэн байдаг. Цөмийн бөмбөг хаявал юу болох вэ.
АНУ, Орос улсууд харилцан өөд өөдөөсөө цөмийн зэвсгээр гал нээж эхэлбэл цөмийн дэлбэрэлт, гал түймрийн улмаас ойролцоогоор 150 тераграмм буюу мегатон утаа тортог агаарт цацагдах болно. Дэлбэрэлтээс үүссэн их хэмжээний утаа, тогтог нэг долоо хоногт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг, хоёр долоо хоногийн дотор дэлхийг бүхэлд нь хамарч, гадаргуугийн гэрлийн түвшнийг бууруулж, бүхэлдээ харанхуй болох болно.
Нарны гэрэл дэлхийд нэвтрэх боломжгүй болох учраас дэлхий дахинд агаарын дундаж температур газарзүйн байршлаас хамааран Цельсийн -5 - -35 градус хүртэл буурах ба дунджаар Цельсийн -12 градус болох болно. Үүнийг “цөмийн өвөл” гэж нэрлэдэг.
Цөмийн өвөл хэдэн жил үргэлжлэх бөгөөд эхний хэдэн сард дэлхийн хэмжээнд хур тунадасны хэмжээ 30 хувиар буурна. Газрын гадарга дээрх гэрлийн хэмжээ анхны түвшнээсээ 40 хувиас дээш гарах хүртэл хамгийн багадаа гурван жил зарцуулагдах бөгөөд бүрэн арилахад нийтдээ 10 гаруй жил болох болно гэж тооцжээ.
Нарны гэрэлгүй, харанхуй дэлхий дээр хөдөө аж ахуй эрхлэх ямар ч боломжгүй болох тул үүнээс улбаалан бий болох хамгийн том эрсдэл нь хоол хүнсний хомсдол байх болно.
Гэхдээ эрдэмтдийн тооцоолсноор агаар мандалд ялгарах утааны хэмжээ үлэг гүрвэлүүдийг устахад хүргэсэн гамшгаас бага байх тул хүн төрөлхтний тодорхой хэсэг нь амьд үлдэх боломжтой гэж үзжээ. Харин цөмийн дайнд оролцогч талууд өөрсдийн цөмийн зэвсгийн нөөцийг дуустал харилцан гал нээнэ гэж тооцвол дэлхий дээр амьд хүн үлдэх магадлал тун бага болох болно.
Түүнчлэн цөмийн дайнаас үүссэн их хэмжээний цацрагийн хордлого нь олон арван жил үргэлжилнэ. Алберт Эйнштейн "Дэлхийн 3-р дайнд юугаар байлдахыг мэдэхгүй юм. Харин дэлхийн 4-р дайнд нум сумаараа байлдах болно" гэсэн байдаг юм. Мөн Богдын лүндэн сургаальд "Үр жимс тарих авч өөрөө идэхийн аргагүй болох, Хот балгад үгүй болох, Хүний хүүр идэгчид олшрох, өлсөж ундаасахын зовлон" гэх мэтээр ирээдүйг бошиглон үзүүлсэн байдаг. Ийм учраас хүн төрөлхтөнд дэлхийн тулаан, сөргөлдөөн хэрэггүй юм. Дэлхийн гүрнүүд болон НАТО Украйны талд довтолгооны зэвсэг нийлүүлэхгүй байгаа нь ийм учиртай.