БНАСАУ дуунаас хэт хурдан пуужин туршиж, цэнэгт хошуу нь мянган километрийн зайд байдаа оновчтой туссан бөгөөд туршилтыг удирдагч Ким Жөн Ун ажиглалаа гэж тус улсын Хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл болох “Нодон Синмун” сонин мэдээлжээ.
БНАСАУ мягмар гаргийн өглөө 7 цаг 27 минут орчимд Япон тэнгис рүү баллистик байж магадгүй пуужин харвасан тухай мэдээлсэн. Пуужин хамгийн багадаа 700 километр ниссэн бөгөөд хамгийн өндөр хурд нь 60 километрийн өндөрт 10 Мах байсан гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ пуужин нь "илүү дэвшилтэт" гэж тус хороо үзэж байгаа боловч дуунаас хурдан пуужин мөн эсэхийг батлахаас татгалзсан хэвээр байна.
“Нэгдүгээр сарын 11-ний өдөр нөхөр Ким Жөн Ун дуунаас хурдан пуужин харвах туршилтыг ажиглалаа. Туршилт дахин амжилттай болж, дуунаас хурдан пуужингийн толгой пуужингаас 600 километрийн заагт салж, ... мянган километрийн зайд далайд буй байг оносон” гэж “Нодон Синмун” сонин мэдээлжээ.
Ким Жөн Ун пуужинг бүтээхэд гар бие оролцсон эрдэмтэн, инженерүүд болон бусад хүмүүст "онцгой талархал илэрхийлж", бүтээсэн пуужинг нь улс орны батлан хамгаалахын таван жилийн төлөвлөгөөний гол зорилтуудын нэг болсон “асар том амжилт” гэж тодорхойлжээ.