Казахстаны цагдаагийн хошууч генерал амиа хорложээ
Казахстаны цагдаагийн хошууч генерал Жанат Сулейменов амиа хорлосон гэх мэдээлэл байна. Тэрбээр Казахстаны Дотоод Хэргийн Яамны Жамбыл муж дахь газрын дарга, хошууч генералаар ажиллаж байжээ. Түүнийг амиа хорлосон талаар өчигдөр нэгдүгээр сарын 10-нд тус улсын Тараз хотын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлэв.
“Тун харамсалтай хэрэг гарлаа. Бид хэргийн шалтгааныг шалгаж байна” хэмээн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Жанат Сулейменов нь 2017-2019 онд тус улсын Дотоод Хэргийн Яамны дэд даргаар ажиллаж байв. Хошууч генерал тэрбээр 2016-2017 онд Өмнөд Казахстан мужид, 2014-2016 онд Кызылорда мужид тус яамны хэлтсийг тус тус удирдаж байжээ. 2013-2014 онд мөн тус улсын Дотоод Хэргийн Яамны Эрүүгийн цагдаагийн хороог удирдаж байсан аж.
Өмнө нь, нэгдүгээр сарын 8-нд үймээний үеэр Жанат Сулейменовын эцэг, үндэсний харуулын цэрэг Оразалы Кайсарули жагсагчдыг тайван байхыг уриалж байсан талаар эх сурвалж онцолжээ. Талийгаачийн эцэг хүү нь гэнэт амиа егүүтгэсэнд цочирдож, “Манай гэр бүлд уй гашуу тохиож, яг л тэнгэрээс аянга ниргэх мэт боллоо” хэмээн эмгэнэв.
Нэгдүгээр сарын 10-нд үймээний үеэр Казахстанд 7,939 хүн саатуулагдсан нь тодорхой болсон. Нэгдүгээр сарын 9-нд Казахстаны Гадаад Хэргийн Яамны урьдчилсан мэдээллээр, Казахстанд болсон үймээнд оролцогчдын дунд өмнө нь халуун цэгүүдэд байлдаж байсан цэрэг байлдааны туршлагатай дайчид байгаа гэж мэдэгдэв.