Амьгүй байгаль харьцангуй мөнх оршиж чадах хэдий ч амьд байгалийн хувьд ингэж хэлэх боломжгүй юм. Амьтны зүйл бүхэн үүсэж, хувьсаж, амьдрах өндөр дээд чадамжийг олж байсан боловч бүгд л элдэв янзаар мөхөж, сөнөж иржээ. Амьд биетэд харш гэнэтийн үзэгдэл, шалтгаан нэг бүрийн дараа, байгалийн томоохон сүйрэл нэг бүрийн дараа амьтдын өчүүхэн хэсэг нь л амьд үлдэж чадаж байв. Ийм тохиолдол тун ч олон байжээ. Хүмүүс бидний таньж мэдсэн хэр хэмжээ нь харин тун цөөхөн юм. Ул мөрөө тод томруунаар үлдээсэн цөөхөн хэдийг нь л бид олж тогтоосон ажээ.
Амьтан нэг бүрийн үүсэж гарсан түүх, хувьслын нь түүх, бас мөхлийн нь түүхийг таньж мэдэх аваас хүмүүс бидэнд олон талын ашиг тустай юм. Яагаад гэвэл бид ч бас хувьсна, мөхлийн аюул бидэнд ч бас заналхийлж байгаа билээ.
Оюун ухаантай амьтан болох хүмүүс бид л мөхөж, сөнөж болох шалтгаан, нөхцлөө өөрсдөө судлах ёстой. Таньж мэдсэн дээрээ тулгуурлаад урьдчилан сэргийлэх ёстой. Ахуй оршлоо үргэлжлүүлж чадах боломж нөхцлийг эх дэлхийнхээ гадна, бүр эх галактикийнхаа гаднаас ч эрэх, олох ёстой. Биднийг мөхөөж чадах аливаа хүчин зүйлийг нэг бүрчлэн олж тогтоож, нөлөөллийг нь багасгаж саармагжуулж, бүр нольлож байх ёстой. Ийм чадавхийг олох, эзэмших учиртай. Хүмүүс бид өөрсөддөө харш хүчин зүйлүүдийг тун ч олноор нь буй болголоо. Хэтрүүлж хэлэх аваас бид уудаг усаа хордууллаа, багасгалаа.
Амьсгалдаг агаараа бохирдууллаа, бүр хийн байдалтай хор болгож хувиргалаа. Иддэг ургамал ногоо, мах хүнс маань ч эрүүл бус, экологийн хувьд цэвэр бус боллоо. Өмсдөг хувцас маань ч химижиж, өмссөн эзнээ өвчлөх, нүд анихад тусалсаар байна...
Амьтан бүхэнд нөмөр, хамгаалалт болж байсан озоны давхраа нимгэрч, цоорч нарнаас ирэх хортой туяануудыг шүүхээ больж эхэллээ.
Агаар мандал дахь нүүрс хүчлийн хийн хэмжээ ихсэж газрын гадаргуй дахь дулааны уламжлалт тэнцвэрийг эвдэллээ. Энэ нь араасаа байгаль-цаг уурын олон гамшиг дагуулж байна.
Далай, тэнгисийн ус бохирдож усан доторх амьдралыг хордуулах болов. Энэ нь далайн гаралтай хүнсний хомсдлыг цаашид жилээс жилд нэмэгдүүлсээр байх болно.
Газар мандлын шим тэжээл буурч, цөлжиж, элдвээр хордож амьдралыг тэтгэх шинж нь шавхагдаж дуусахад ойртоод байна.
Хотуудын хүн ам олон янзын долгион, олон янзын тоос, туяа, доргион, чимээ шуугианы “ханасан уусмал” дотор айдас хүйдэстэй бэмбэгнэн аж төрж, стресст орон цухалдаж, солиорох шахсан өрөвдөлтэй амьтад байх болов.
Аль ч бүс нутгийн оршин суугчдыг эмзэглүүлж, дарамталж, итгэл алдруулж байдаг сөрөг үзэгдэл олширч, муу үр дагавар нь өргөжиж, хүн төрөлхтний ирээдүй бүрхэг, бүүдгэр болсоор байна.
Хортой хоол, бохирдсон ус, агаар, хөдөлгөөний дутагдал, элдэв эм хэрэгслийн гаж нөлөө, стресс зэрэг нь хүмүүний дархлааны системийг ихэд доройтуулах болов. Ямар нэгэн хөнөөлт тахал дэгдлээ гэхэд нэг хоногийн дотор л дэлхийгээр нэг тархаж болохоор нөхцөл бүрдээд байхад шүү!...
ДОХ мэтийн тахал, эрэгтэй (эмэгтэй) хүмүүнийг үргүйдүүлдэг халдварт тахал мэт нь бүх хүнд тусах аваас хүн төрөлхтөн ердөө л 100 жилд багтаж мөхөж ч болох юм.
Бүх хүн эрт илэрдэг удамшлын өвчин, согогтой болчих аваас хомосапиенсын нас богиносох болно. Генийн мутацийн улмаас хүний гар, нүд, уураг тархи гэх мэтийн гол эрхтэнгүүд мөхөж, муудаж эхлэх аваас яах билээ? Амьтан байх үеийнхээ чухал чухал төрөлх рефлексээ гээж зөвхөн оюун ухааныхаа хүчинд дулдуйдан амьдрах болсон Хомосапиенс энэ тохиолдолд ч мөхөх болно.
Хувьслын аль нэгэн шатанд генийн хувьд “цоо эрүүл” хүн алга болж хомосапиенсаас огт өөр зүйл төрж гарах хандлага ч буй болж болох юм.
Дэлхийн хүн амын үнэмлэхүй олонхи нь ижил хүйстэн болчихвол хүүхэд хэрхэн төрөх билээ. Иймэрхүү асуудалд ч хомосапиенс орж бас болно.
Товчилж хэлэхэд, эртнээс анхааруулахад, хүмүүс бидний ирээдүйтэй амин чухал холбоотой асуудал тун их байна. Хойшид асуудлын тоо бүр ч их болно. Иймд энэ талын асуудлуудыг одооноос судлаж эхлэх хэрэгтэй юм. Энэ талаар төрөлжсөн хүрээлэн, байгууллагыг цаг алдалгүй буй болгох шаардлагатай байна.
Дэлхийн хэмжээн дэх хүн амын хурдан өсөлт ч олон сөрөг зүйл төрүүлж, хүрээлэн буй орчинг ихэд бохирдуулах болов. 1987 онд 5 тэрбум хүрснээ 20 жилийн дараа (2007 онд) 6,7 тэрбум, 2011 онд 7 тэрбум, харин 2050 он гэхэд 9-10 тэрбум хүрэх энэ их тоо бүр ч олон асуудал дагуулах нь тодорхой юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав