Б.Азжаргал: Улаанбаатарт ямар байдгийг би мэдэхгүй. Орон нутагт 74 тусгай зөвшөөрөл өгдөггүй л гэж ярьсан юм
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа.
-Үүдэнд байгаа машинууд танай ажилтнуудынх уу, иргэдийнх үү. Төрийн албан хаагчид байгууллагын гадаа машин тавьдгаа болих хэрэгтэй гээд та үүрэг өгөөд байсан даа?
-Иргэдэд үйлчлэх авто зогсоол гэсэн бичгийг хараагүй юм уу. Зөвхөн манайх гэлтгүй бусад газрууд бүгд тийм байгаа шүү дээ.
-Дарханд ковидын нөхцөл байдал ямар байна вэ, өнөөдөр (өчигдөр) 10 тохиолдол илэрсэн гэсэн үү?
-Шинэ жилийн баяртай холбоотойгоор өсчихөв үү гэж бид анзаарсан. Эсрэгээрээ хүүхдийн өвчлөл буурсан. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой хөдөлгөөн багассантай холбож ойлгож байгаа. Сүүлийн 52 дахь долоо хоногийг эс тооцвол тохиолдлын тоо буурч байгаа нь төрийн, боловсролын байгууллагууд шинэ жил тэмдэглээгүйтэй холбоотой. Үндсэндээ 50-70 хүнтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяр зохион байгуулснаас биш гол масс болох төрийн байгууллагууд шинэ жил хийгээгүй нь бууралтад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тархвар зүйн муруйгаар ковид буурсан үзүүлэлттэй байгаа. Вакцинжуулалтын хувьд өнөөдрийн байдлаар 31000 хүн гуравдугаар тунд хамрагдсан. Улсын хэмжээнд 53 хувьтайгаар тавдугаарт эрэмбэлэгдэж яваа. Эмнэлэгт өчигдрийн байдлаар 77-78 хүн хэвтэн эмчүүлж байна. Ковидын нөхцөл байдал хэвийн түвшинд очсон. Хяналтандаа байлгаж чадаж байна гэж ойлгож болно. Нас баралт сүүлийн 14 хоног бүртгэгдээгүй байж байгаад өчигдөр нэг бүртгэгдсэн. -Цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа эхлэхэд таныг сошиалд хүмүүс сайшааж “Мундаг Засаг дарга байна, нийслэлд аваад ирмээр байна” гэж зарим хүн сэтгэгдэл бичиж байсан?
-Тэр ч яах вэ. Хэтрүүлэг л дээ. Айхавтар мундаг сайндаа биш, төрийн ажлыг хийгээд л явж байгаа. Би бас сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ үед ОБЕГ-аас Команд штабын сургууль их хийсэн. Гамшиг аюулын үед төрийн байгууллагын удирдлагууд яаж ажиллахыг заадаг сургалт. Түүнээс биш миний сайных биш. Манай бүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд Команд штабын сургуульдаа маш сайн хамрагдаж байсны үр дүн юм болов уу. Дээр нь иргэддээ мэдээллээ зөв тодорхой өгчихөөр ойлгож хүлээж авч, дагаж мөрддөг юм байна гэдэг нь бас тэр үеэр харагдсан. Эрүүл мэндийн байгууллага, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын олон хүний хүч оролцоотой явж байна даа.
Нийслэлтэй манайхыг харьцуулах арга байхгүй. Хүн амын тал хувь нь байдаг улсын нийслэлд том, өргөн хүрээтэй асуудал яригдана. Битгий жишиж яриарай гэж би олон хүнд хэлж байгаа.
-Саяхан таны нэг бичлэг сошиалд явж байна лээ. Тэр нь бас л нийслэлтэй харьцуулах сэжим болсон. Та энэ бичлэгт “Нийслэлийн удирдлагуудын ярьсан шиг 74 ширхэг тусгай зөвшөөрөл гэж огт байдаггүй юм аа” гэж хэлж байна лээ.
-Асуудал ярихаар ингэж харьцуулмааргүй байгаа юм л даа. Би орон нутагтай холбоотойгоор л ярьж байгаа юм. Улаанбаатарт ямар байдгийг би мэдэхгүй. Орон нутагт 74 тусгай зөвшөөрөл өгдөггүй л гэж ярьсан юм. Орон нутагт тусгай зөвшөөрөл өгдөг 5-10 салбар л бий. Жишээ нь, түлхүүр олшруулдаг хүн хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй шүү дээ. Үсчин ажиллуулах гэж байгаа бол та ямар нэгэн зөвшөөрөл авахгүй. Авдаггүй юмыг би авахаа болилоо гэж хэлэхгүй биз дээ. Тэрийг л хэлж байгаа юм. Манайд албан ёсоор тусгай зөвшөөрөл хүсдэг нефть хангамжийн байгууллагууд, шатах тослох материалууд, архи согтууруулах ундаа, тамхины тусгай зөвшөөрлүүд байна. Хуульд заасан тусгай зөвшөөрлүүд нь тодорхой тоотой. Нийслэл мэдээж өргөн байгаа. Яагаад гэвэл орон нутгийнхаас илүү олон төрлийн үйл ажиллагаа байгаа шүү дээ.
-Дархан хоггүй, цэвэрхэн сайхан хот гэж их ярьдаг даа. Дотоодын үйлдвэрүүдийн хуванцар сав хүлээж авах автомат машинуудыг суурилуулж байгаа гэсэн үү?
-Иргэд нь хуучин тогтсон соёлтой учраас нийтийн эзэмшлийн зам талбайд хог хаягдал бага харагддаг юм. Гэхдээ айл өрхүүдээс татан зайлуулж байгаа хог хаягдлын асуудал төвлөрсөн газрын шүдний өвчин хэвээр байгаа. Энэ жил бид нийтийн аж ахуйн газраа Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгож тусад нь гаргаж байгаа. Энэ хүрээндээ хогны менежмэнтийг сайжруулах талаар хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хогоо ангилж ялгадаг болгох юм. Гэр хорооллын хогийг задгай авдаг байсан бол савлаж авдаг хэлбэрт шилжсэн. Татан зайлуулалтыг богино хугацаанд хийх боломж бүрдсэн. Хог дахин боловсруулах мини үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөж байгаа. Том төсөл ярихаар уддаг юм билээ. 100 мянган хүн амтай хотод дахин боловсруулах үйлдвэр ач холбогдолгүй гэдэг дүгнэлт гардаг. Одоо жижиг үйлдвэр байгуулъя гэж байгаа юм. Манай байгууллагын гадна хуванцар сав авдаг цэг бий. Эдгээр цэгүүдээс авсан хаягдлуудыг дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэдэг бага оврын үйлдвэрүүд ашиглалтад оруулах санаатай байна. Хогны менежмэнтийн хувьд бусдаас илүү гэж хэлэхгүй. Хөвсгөл, Эрдэнэтэд маш сайн туршлагууд байгаа юм билээ. Миний нэг зарчим бусдын сайн туршлагыг хуулах. Эрдэнэт, Хөвсгөлийн туршлагуудыг хэрэгжүүлье гэсэн юм.
-Барилгын үнэ хөөсрөхөд барилгын материалын үнийн өсөлт хувь нэмрээ орууллаа. Ингэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр арматур үйлдвэрлэж байгаа юу?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматурын үйлдвэрлэл хэвийн байгаа шүү дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй дөрвөн жилийн хугацаанд гангийн үйлдвэр барих гэрээ байгуулж, газрыг нь олгосон. Ер нь Дархан барилгын материалын төв. Улаанбаатарын барилгын гол нэрийн бүтээгдэхүүнийг Дарханаас нийлүүлдэг. Тийм учраас Дарханд барилга харьцангуй хямд үнэтэй босох боломж бий. Гэхдээ орон нутгийн барилгын материалаас илүү импортоор орж ирдэг бусад дагалдах бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, өнгөрсөн жил орон сууцны үнэ нэмэгдсэн тал бий. Бид Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу “Залуус I” хороолол, мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ жил дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Эндээ хямдруулсан үнээр иргэдээ оруулах боломжийг эрэлхийлж байгаа. Гэхдээ өнөөдөр цаасан дээр гэрээ байгуулаагүй учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Газар, дэд бүтэц шийдээд, барилгын компаниудыг орж ажиллах хүсэлт тавьж байгаа юм.
-Дарханд арьс ширний үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах ажил хэр ахицтай яваа вэ?
- Хоёр жилийн өмнө хувийн хэвшлийн консорциумууд нийлээд, орон нутгийн өмчийн оролцоотойгоор Арьс ширний үйлдвэр байгуулагдсан. Дэд бүтцийн ажил нэлээд хийгдсэн. Зарим нь 85 хувьтай, зарим нь 20-30 хувьтай яваа. Харамсалтай нь консорциумын ажил төртэй холбогдсон хэсэгтээ саад тотгор үүссэн. Харилцан ойлголцол, хийсэн ажлаа үнэлэх үнэлэмж зөрүүтэй. Үндэсний аудитын газраас шалгалт хийж байгаа. Засгийн газар, салбарын яамны шийдвэрээр Арьс ширний цогцолборт одоогийн олгосон газрын дэргэд дахин шинээр газар олголт хийгдэж, Арьс ширний цогцолборыг шинээр байгуулах ажил эхэлж байгаа. ХХААХҮЯ-нд Дархан арьс ширний цогцолбор төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулагдсан. Бид орон нутагт хүлээсэн үүргийнхээ дагуу газар олгосон. Бид аль алийг нь дэмжиж байгаа. Хувийн хэвшил нь ч ажлаа хийгээд Арьс ширнийхээ цогцолборыг бий болго, төр нь ч Арьс ширний цогцолбороо бий болгог. Мэдээж хувийн хэвшил нь өндөр амбицтай байгаа. 10 сая арьс боловсруулна гэж байгаа. Төрийнх нь түүнээс арай бага. Эхний ээлжинд 3-5 сая арьс боловсруулах үйлдвэр байхад боломжтой гэсэн дүгнэлт хийсэн. Аль алийг нь бид хүлээж авахад бэлэн байгаа. Аль алинд нь газар олгосон. Эцсийн дүндээ барилга нь баригдаад, үйл ажиллагаа нь явагдаад, ажлын байр нэмэгдэх нь чухал.
-Нэг хэсэг арьс шир боловсруулах технологи байгаль орчинд халтай гээд татгалзаад байлуу?
-Арьс ширний цогцолборын ТЭЗҮ-ээс харахад орчин үед энэ асуудлыг бүрэн шийдчих боломжтой юм билээ. Төмөрлөгийн үйлдвэртэй залгаа учраас саарал усыг нь гангийн үйлдвэрт дахин ашиглах боломжтой. Саарал усыг цэвэршүүлэх байгууламжийг давхар шийдэж өгч байгаа юм. Тийм учраас Туул гол руу бохир ус цутгадаг шиг үйлдэл Хараа гол дээр давтагдахгүй гэсэн үг.
-Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй байлгах тухай их ярьцгаасан. Энэ хэрэгжиж байна уу?
-Цөм сүрэг бий болгосон. Хонгор сумын нутагт байрлаж байгаа. Өнгөрсөн жил төл мал 98 хувьтай хүлээж авсан. Сайн үүлдрийн төлөө малчдад тодорхой нөхцөлтэй олгох ажил хийж байна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж байгаа хэд хэдэн өрх бий. Канадад эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр туршлага судалж хамтарч ажиллахаар болсон. Төр загвар эрчимжсэн мал аж ахуйг бий болгох ёстой юм байна. Засгийн газраас 2019 онд Сэлэнгэ, Дарханыг газар тариалангийн бүс нутаг болгож, эрчимжсэн мал аж ахуйтай байна гэж зарласан. Цаашдаа Дарханд малын тоо толгойг бууруулах бодлого барина. Малын чанарыг сайжруулж, тоо толгойг бууруулах нь бидний баримтлах бодлого. Хонгор суманд Малын Удмын санд өнгөрсөн жил үзэсгэлэн зохион байгуулж, иргэд аж ахуйн нэгжид үр зарж, дуудлага худалдаа явуулсан.
-Оройдоо Дарханд ч бас утаатай байх юм. Агаарын бохирдлыг бууруулахад анхаардаг уу?
-Дарханд хүн бүрд өрхийн хэрэглээний 0,7 га газар өгөөд байвал хот биш, гэр хороолол болно. Агаарын бохирдлыг бууруулах тухай ярихын тулд газар олголтын асуудлыг ярихаас өөр аргагүй байгаа. 2013 онд Дархан сумын Засаг дарга байхдаа ИТХ-аар оруулж нэг шийдвэр гаргасан. Өнөөдрийн гэр хорооллыг тэлэхгүй байх бодлого барьсан юм. Дархан 2013 оноос хойш гадагшаа тэлээгүй. Энэ нь хотын төлөвлөлтийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн их үр дүнгээ өгсөн. Хоёрдугаарт, гэр хорооллоо тойруулаад дэд бүтэц татаад, дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудлыг ярьж байгаа.
Хамгийн том гэр хороололтой хуучин Дархан гэж нэрлэдэг хороололд 18 тэрбум төгрөгийн өртөгтэй инженерийн шугам хоолой татагдсан. Гэр хорооллын айлуудад дэд бүтэц оруулахаас гадна орон сууцны хороолол барих юм. Өнөөдөр Дарханд газар Улаанбаатарынх шиг үнэтэй биш л дээ. Гэр хорооллын айлуудын газар аваад нөхөн олговор өгөөд, байшин барих компани олдохгүй байгаа юм. Дарханы урд хойно хоёр уул уурхайн компани ажилладаг. Шохойн бааюу ажилладаг. Их хэмжээгээр утаа, тоосонцор дэгддэг.
Өнгөрсөн жил таван үйлдвэрийг бүрэн хаасан. Өнөөдөр эдгээрээс нэг нь ажиллаж байгаа. Тэр нь бидний шаардлагын дагуу шүүлтүүртэй орчин үеийн технологи ашиглах болсон. Хогийн цэгийн утааг дарж булшилсан. Айл өрхүүдийн яндангийн утаа байна. Улаанбаатарын жишгээр шахмал түлш хийх нь орон нутагт асуудлыг шийдэх гарц уу гэдгийг сайн судлах ёстой юм билээ. Зарим аймагт шахмал түлшээр гэр хорооллынхноо хангаад байгаа. Өөр гарцуудыг ч судалж байгаа. Эцэслээгүй болохоор нарийн яримааргүй байна. ОХУ-аас Монгол Улсыг нэвт дайрч гарах хийн хоолой Дархан-Уулыг дайрна. Хийн хоолойг түшиглээд Дарханд дэд станцууд барих талаар яригдаж байгаа.
-Нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах талаар их ярьдаг шүү дээ. Бодит байдал дээр Улаанбаатараас Дарханд хэр олон хүн шилжиж ирдэг вэ?
- 2018 оноос Дархан хотоос шилжин явж байгаа, шилжин ирж байгаа иргэдийн тоо зөв баланс руу орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Дархан зөвхөн суурин иргэдийн тоогоор дүгнэгдэх боломжгүй гэдгийг сая харсан. Ковидын эхэн үед зөвхөн тухайн өдөр ирсэн иргэдийг хөл хорионд оруулаад, долоо хоногийн дараа Сэлэнгийн иргэдийг гаргая гэхэд 6000 иргэн нэг удаадаа ирсэн байсан. Бид Сэлэнгэ аймгийн залгаа сумдтай уялдаатай ажиллана. Тэдгээр сумдын иргэд бидэнд мах, сүүгээ нийлүүлж байна. Эргээд бид худалдаа, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг эдгээр иргэдэд үзүүлдэг. Дэгсдүүлж хэлэхэд Сэлэнгийн захын сумын иргэд Дарханд нэг нэг байртай байгаа даа.
-Цаашдаа Дарханд хүн амыг олноор татахуйц томоохон бүтээн байгуулалтууд хэр хийгдэх вэ?
-Байлгүй яах вэ. Энэ жил Багрогийнхон үйлдвэрээ барьж эхэлж байна. Ард санхүүгийн нэгдлийнхэн оффис, дата баазаа байгуулахаар явж байна. Мобикомын дата бааз Дарханд байрлаж байна. Төрийн албан ёсны дата баазууд Дарханд байрлах гэж байна. Бид “Бурхантын хөндий” инноваци технологийн тосгон байгуулах юм. Газрыг нь үнэгүй олгож, дэд бүтцийг нь татаж өгнө. Компаниуд ирээд өөрсдөө оффисоо бариад, технологи мэдээллийн төвүүдээ байгуулах боломжтой. Мобиком Дарханд орон нутаг дахь анхны Хэрэглэгчийн мэдээллийн төвөө нээсэн. Ард Санхүүгийн нэгдэл бас Call center байгуулж байна. Улаанбаатарт Call center-т хүн ажиллуулахад дор хаяж сая төгрөгийн цалин өгнө. Оффисын түрээсийн зардал ямар байх вэ. Орон нутагт хоёр дахин хямд зардлаар үүнийг хийх боломжтой. Call center бол орон зайнаас хамаарахгүй. Энэ мэтчилэн байгууллагууд Дарханд төвлөрөх санал ирүүлж байгаа. ХААИС-ийн зургаан хөтөлбөр Дархан руу шилжиж байна.