Казахстаны Засгийн газар огцорчээ
НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилжээ.
"Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай" гэж зарлигт дурдсан байна.
Уг баримт бичигт мөн шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл Засгийн газрын гишүүдэд бүрэн эрхээ үргэлжлүүлэхийг даалгажээ.
2019 оны хоёрдугаар сарын 25-наас хойш Казахстаны Засгийн газрыг Аскар Мамин тэргүүлж байв.
Шинэ Төрийн нарийн бичгийн дарга
Казахстаны Ерөнхийлөгч мөн өөрийн туслах Ерлан Кариныг шинэ Төрийн нарийн бичгийн даргаар томилж, энэ албан тушаалыг 2019 оны есдүгээр сараас хойш хашсан Крымбек Кушербаевыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу, Төрийн нарийн бичгийн дарга нь дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийн талаар ерөнхийлөгчид санал боловсруулж, парламент болон түүний танхим, төрийн бусад байгууллага, олон нийтийн холбоо, түүнчлэн олон улсын харилцаанд төрийн тэргүүний ашиг сонирхлыг төлөөлдөг.
Үүнээс гадна, нийгэм-хүмүүнлэгийн салбарын асуудал, төрийн тэргүүний дэргэдэх зөвлөлдөх-зөвлөх байгууллагууд болох авлигатай тэмцэх комисс, төрийн шагналын комисс, иргэний харьяаллын комиссын үйл ажиллагааг зохицуулдаг байна.
Түүнчлэн Казахстанд итгэмжлэгдсэн гадаад улсын Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авдаг аж.
Казахстанд өрнөсөн эсэргүүцлийн жагсаал
Он гарсны дараа Жанаозена, Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн нефтийн үнэ хоёр дахин нэмэгдсэнийг эсэргүүцэн жагссан байна. Казахстаны Эрчим хүчний яамнаас тайлбарласнаар, нэгдүгээр сарын 1-нээс эрэлт нийлүүлэлтээс шалтгаалан цахим биржийн арилжаагаар үнэ тогтож эхэлжээ. Токаев нөхцөл байдлыг судлах комисс байгуулахыг үүрэг болгосон байна. Мягмар гарагт Казахстаны эрх баригчид жагсагчдад буулт хийж, Засгийн газрын комиссын гишүүд жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, Мангистау мужид хийн үнийг литр тутамд 50 тенге /0,11 орчим ам.доллар/ болгож бууруулахаа амлажээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мөн ард иргэддээ хандаж үг хэлэхдээ, хянамгай хандаж, дотоод болон гадаад өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг