Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг баталлаа.
Хуулийн төсөлд, цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:
Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах;
Тус хуулийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийн зохицуулалт хийх Засгийн газрын бүрэн эрхийг тус хуульд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ шийдвэрлэхээр зохицуулсан 7.2 дахь заалтыг хасахаар тусгажээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд УИХ-ын гишүүдээс асуулт асуугаагүй хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Төсвийн тухай хуулийн 42.1 дэх хэсгийн “Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ”, 42.7 дахь хэсгийн “Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт шилжүүлэх нь сөрөг үр дагавартай, шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу төсвийн тодотгол хийж, асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчимд харшилж байгаа учраас хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах гэсэн саналыг дэмжиж байгаа талаар тус тус үг хэлж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь уг саналыг дэмжсэн гэлээ.
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслүүдийг нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Мөн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, мөн холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.