Монгол Улсын 903.4 мянган хүн ядуу амьдарч байна
2020 оны ядуурлын үр дүнг Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар тооцоолон Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2002 оноос ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, тооцоолол хийх чиглэлд ажиллаж ирсэн бөгөөд хоёр жил тутамд ядуурлын статистикийг танилцуулдаг. 2018 онд ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан бол 2020 онд 27.8 хувьтай болж буурчээ. Улсын хэмжээнд ядуурал 0.6 хувь буурсан бол нийслэлийн хэмжээнд ядуурлын түвшин 26.5, орон нутагт 30.5 хувьтай байна. Нийт ядуу хүн амын 43.5 хувь нь Улаанбаатар хотод, 20.4 хувь нь аймгийн төвд, 36.1 хувь нь сумын төв болон хөдөө амьдарч байгаа бөгөөд нийт 903.4 мянган хүн ядуу амьдарч байна. 2018 онтой харьцуулахад өрхийн орлогод эзлэх тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 35 хувь өссөн нь ядуурлын эсрэг эерэг нөлөө үзүүлсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн орлогын өсөлт нь ядууурлын эсрэг жин дарсан үзүүлэлт болохгүй байна гэлээ.