Д.Амарбаясгалан: Олон намын тогтолцоо, парламентын засаглалаа хамгаалж үлдэх ёстой
Хэвлэлд тэр болгон ярилцлага өгөөд байдаггүй Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Syndicate Talk” нэвтрүүлэгт оролцсон дугаар улс төрийн хүрээнийхний анхаарлыг багагүй татаж байна.
МАН дангаар засгийн эрх барьж буй энэ үед нэг хүний дарангуйлал тогтох уу? ер нь цаашид Үндсэн Хууль өөрчлөгдөж, Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болж ч магадгүй гэсэн хардлага, сэрдлэгэ байгаа нь нууц биш. Тэгвэл энэ асуудалд МАН-ын ЕНБДарга маш тодорхой хариулт өгчээ.
Тодруулбал тэрээр: “Өнгөрсөн 30 жилд улс төрийн намуудын гаргасан хамгийн том алдаа бол өөрсдөө төлөвшиж чадаагүй. Үүнээс болж намуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг маш их суларсан. Үүнийг ч дагаад олон нийтийн итгэл үнэмшил унажээ. Эцэст нь парламентын ардчилсан тогтолцоогоо алдах хэмжээнд хүртэл эрсдэл үүсчихэж. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих хандлага олон нийтийн дунд илүү хүчтэй болох хандлагатай байна. Энэ бол улс төрийн намууд хариуцлагагүй байгаатай шууд холбоотой.
Олон намын тогтолцоо, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж үлдэх ёстой. МАН үүнд анхаарч ажиллаж байна. Мэргэжлийн улс төрийн институт болж, улс төрийн намуудын нийтлэг нэр хүндийг сэргээх, хариуцлагыг дээшлүүлэх, нийгэмд хүлээж буй үүргээ гүнзгий ухамсарлах шаардлагатай байна”
гэжээ.
Мөн МАН 30-р их хурлаараа социал демократ үзэл баримтлалаа тодотгосон тухай: “Монгол Ардын Намын хувьд үзэл баримтлал нь анхнаасаа зүүн төвийнх байсан, одоо ч байгаа. Үүнийгээ маш тодорхой зарласан. Хүн төвтэй хөгжлийн бодлогыг социал демократ үзэл баримтлал гэж болно. Хүн хорвоод мэндлэхдээ олон эрх, үүрэг, дагасан хариуцлагатайгаа ирдэг. Энэ бүхнийг өргөн хүрээгээр нь агуулж, тэр хирээр хамгаалах шаардлагыг бий болгодог үзэл санаа социал демократ үзэл баримтлалд илүүтэйгээр тусгагддаг. Нөгөө талаас Монголчуудын зан заншил, ёс суртахуун гээд олон зүйл дээр нийтийн хамтач үзэл давамгайлдаг. Энэхүү хамтач үзлийн үндэс нь социал демократ үзэл баримтлал. Орчин цагийн залуус социал демократ ба либерал үзлийн ялгааг өндөр түвшинд ойлгож ялгадаг болсон. Ийм цаг үед бид өөрсдөө өөрчлөгдөхгүй бол хоцрогдож эхлэнэ. Тиймээс бид “Сайн байна уу? Бид Монгол Ардын Нам. Манай үзэл баримтлал социал демократ” гэж зарлан, өөрсдийгөө сонгодог социал демократ нам гэж маш тодорхой тунхагласан” гэжээ.