Путин хэвлэлийн хурлын үеэр олон улсын харилцааг хөндсөн асуултуудад байр сууриа илэрхийллээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 17 дахь өргөн хүрээний хэвлэлийн бага хурлыг Кремльд зохион байгуулж дөрвөн цаг сэтгүүлчдийн асуултад хариулав. Цар тахлын улмаас оролцогчдын тоонд хязгаарлалт тавьж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийт 507 төлөөлөгчийг оролцуулжээ. В.Путин нийт 44 сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Энэ үеэр тэрээр улс орныхоо дотоодын янз бүрийн сэдвээр асуусан асуултад тодорхой хариулсан бөгөөд олон улсын харилцааг хөндсөн асуултад ч байр сууриа илэрхийлэв.
БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй бид найз нөхрийн тогтмол харилцаатай. Энэ бол харилцан итгэл дээр суурилсан хувийн харилцаа. Энэ харилцаа нь ажил хэрэгч байхад тус дэм болдог. ОХУ, БНХАУ иж бүрэн түншлэлийн стратегийн харилцаатай улсууд. Тэр бүү хэл бид өндөр технологийн зэвсэг хамтран бүтээж байна. АНУ Хятадыг тогтоон барьж дийлэхгүй. Тэд эцсийн эцэст үүнийг ойлгох ёстой. Өнөөдөр Хятад улс эдийн засгийн хувьд худалдан авах чадвараараа АНУ-ыг ардаа орхисон. 2035 он, 2050 он гэхэд хятадууд дэлхийн тэргүүн эдийн засагтай улс болох нь дамжиггүй.
Афганистаныг амар амгалан байгаасай гэж бид хүсдэг. Афганистаны төрийн эрхэд гарсан хүчин улсынхаа төрийн удирдлагад бүх угсаатны төлөөллийг оруулах ёстой гэсэн байр суурийг Москва баримталдаг. Талибуудыг хүлээн зөвшөөрөх эсэх тал дээр Москва энэ асуудлаар олон улсын яриа хэлэлцээнд оролцогчидтой бүгдтэй нь хамтран ажиллаж байна. ОХУ Төв Азийн улс орнуудтай шууд хиллэдэг. Тиймээс эдгээр улсад хэт даврагч бүлэглэлүүд нэвтрэхээс бид болгоомжлох, сэрэмжлэх нь зүй ёсны асуудал гэсэн юм.
Английн “Sky News”-ийн сурвалжлагч “Хөрш улс руугаа халдан довтлохгүй гэсэн аюулгүй байдлын баталгааг Москва гаргаж чадах уу” гэж асуухад В.Путин “Кремль юу ч хийсэн бай, та үргэлж “санаа зовниж байна” гэдэг. Наад “санаа зовнилоо” аваад эндээс зайл. Бид шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийх л болно. Бид аюулгүй байдлаа хангахыг хүсч байна… Бидний үйл ажиллагаа бидний аюулгүй байх нөхцөл байдлаас шалтгаална. Та биднээс баталгаа шаардаж байна уу? Эсрэгээрээ та нар бидэнд баталгаа өгөх ёстой. Нэн даруй. Яг одоо. Энэ сэдвээр хэдэн арван жил үргэлжлүүлэн яриад байх шаардлагагүй. Барууныхан амлалтаа биелүүлдэггүй. Байнга худлаа ярьдаг. НАТО-ийн тэлэлтийн таван давлагааг бид үзэж байна. Энх тайвны баталгааг гаргах ёстой улс нь ОХУ биш. АНУ, эсвэл Их Британийн хилд ОХУ тулж очоогүй. Харин тэд ОХУ-ын хилд тулж ирээд байна. НАТО дорно зүгт тэлсэн нэг ч алхам хийх ёсгүй гэсэн асуудлыг бид ямар нэг далд санаагүйгээр шууд тавьсан. Тоглолтын бөмбөг тэдний талд байгаа.Иймээс тэд аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцах ёстой. ЗХУ задран унахад Орос улсын түүхэн газар нутаг хуваагдсан. Гэвч манай түншүүдэд энэ нь багадаад байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Тэдний үзэж буйгаар Орос орон хэт том байна. ЗХУ задран унаснаас хойш бид 146 саяулаа үлдсэн. Гэвч тэдэнд бид бас л хэт олуулаа байна. Хэдийгээр В.И.Ленин манай түүхэн газар нутгаас авч Украиныг бий болгосон ч Москва Украины тусгаар тогтнолыг эсэргүүцээгүй. Гэтэл тэд өнөөдөр өөрийнхөө газар нутаг дээр амьдарч буй оросуудыг польш, унгар, румынчуудын нэгэн адил цагаач иргэд хэмээн гадуурхаж байна. Украины тухайн үеийн ерөнхийлөгч Виктор Янукович огцроход бэлэн байсан ч 2014 онд цуст төрийн эргэлт гарч, улмаар хямрал үүсч, хүмүүсийг хөнөөж, шатааж байсан. Ийм үед Севастополь, Крымд байгаа орос иргэдэд туслахаас бид татгалзаж чадах байсан уу? Энэ явдал биднийг аргагүй нөхцөл байдалд оруулсан.Донбасст хүч хэрэглэхгүй байхыг би өөрийн биеэр П.Порошенкогоос хүссэн. Өдгөө Минскийн хэлэлцээр л асуудлыг шийдэх цорын ганц боломжит арга зам болоод байна. Гэвч Киев энэхүү хэлэлцээрийг биелүүлэхийг хүсэхгүй байна. Тэр бүү хэл хэлэлцээртэй зөрчилдсөн хууль баталж, баруунтай хамтран Оросыг цуст мөргөлдөөнд татан оролцуулахыг хүсч байна” гэж хэлсэн юм.
Түүнийг хариулт өгч байхад ард нь Украины хилд Оросын зэвсэгт хүчний цэргүүд нэмэгдэн байршиж байгааг болон ОХУ-ын том хэмжээний цэргийн хээрийн сургуулилтын явцаас харуулж байв. В.Путин энэхүү хэвлэлийн бага хурал дээр Барууныхан Орос улсыг мөхөөх гэсэн түүхэн зуршилтай гэдгийг цохон тэмдэглэж Москва цэргийн хүчээ зузаатгаж байгаа нь НАТО-гийн буруу үйлдлүүд болон барууныхны түрэмгий бодлогоос болсон, “Москваг Украины мөргөлдөөнд татан оруулсан “зуучлагч” нь НАТО бас Барууны улсууд” гэж хэлсэн билээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн бага хурлын маргааш НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Орос-НАТО-ын зөвлөлийн хурлыг “аль болох хурдан” хийх ёстойг онцлон ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа боловч үндсэн зарчмуудаасаа татгалзахгүй” гэж мэдэгдэв. “Одоо хурцадмал байдлыг намжааж, ОХУ-тай ухамсартай яриа хэлэлцээ хийх нь чухал гэж би бодож байна. Гэхдээ үүний зэрэгцээ холбоотнуудаа хамгаалах эрх, үүрэг хариуцлагыг алдагдуулахгүй байх нь чухал” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн Орос улс Украины хилээс цэргээ татсанаар хурцадмал байдлыг намжаах боломжтой, ингэснээр “хүн бүрд Зул сарын баярыг тайван тэмдэглэж өнгөрүүлэх боломж олдоно” гэсэн бөгөөд “Гэсэн ч бид үндсэн зарчмууддаа буулт хийхгүй. Бүх холбоотноо хамгаалах НАТО-гийн зорилгод бид эргэлзээ төрүүлэх ёсгүй” гэж цохон тэмдэглэсэн байна.Мөн АНУ ч он гарангуут ОХУ-тай тухайн асуудлаар яриа хэлэлцээ хийх нь тодорхой болсон. Гэхдээ “Берлиний ханыг нурааж Германыг нэгтгэснээс цааш ганц ч алхам хийхгүй гэсэн амлалтандаа НАТО хүрээгүй учраас бидэнд аюулгүй байдлын баталгаа гаргаж өг” гэсэн ОХУ-ын шаардлагад “Тэр чинь ОХУ биш алга болсон ЗХУ-ын үе. Тэгээд ч өнөөдөр аль нэг “том” улс бусад “жижиг” улсыг дохио, зангаагаар удирддаг нөлөөллийн бүстэй байсан үе өнгөрсөн. Аль ч улс бидэнтэй нэгдэж ардчиллын замаар явах эсэхээ өөрөө шийдэх ёстой” гэж цаадуул нь хариулах нь тодорхой.Өөрөөр хэлбэл, байдал түр намжина уу гэхээс асуудал шийдэгдэхгүй. Ганц зөв арга нь эдгээр сөргөлдөөд буй улстай бүгдтэй нь сайн харилцаатай Монгол мэтийн улсууд нэгдэж уриалга гарган сөргөлдөгч бүх талууд оролцсон хэлэлцээрийг дэлхий нийтэд ил тод явуулж,аль аль талд ашигтай байхаар асуудлыг шийдэх явдал. Эс тэгвээс асуудлыг шийдэх ганц л гарц үлдэнэ. Энэ нь дайн гэсэн байна.
Г.АМАРСАНАА