НИТХ-ын энэ оны сүүлийн хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ.
Энэ тогтоолд нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай заасан юм. Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хурлын үеэр мэдээлэхдээ, “Сүүлийн 2 жилд гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр ханган, шахмал түлшийг 735 машинаар тээвэрлэж, 600 цэгт борлуулж байна. Ингэснээр хотын агаарын чанар сайжирч, 2016 оны үеийн агаар дахь агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг шахмал түлш нэвтэрсэн 2020 оныхтой харьцуулахад РМ 2.5 тоосонцор 59 хувиар, РМ 10 тоосонцор 52.6 хувиар багассан” хэмээв.
Энэ оны 10 дугаар сарын байдлаар нийслэлийн 6 дүүрэгт 195.992 зуух хэрэглэж байв. Сайжруулсан түлшний хэрэглээ 685.972 тоннд хүрчээ. 100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй усан халаалтын 182 зуух, 100 кВт-аас дээш хүчин чадалтай уур үйлдвэрлэгч усан халаалтын 88 зуух, 4200 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын 41 зуух нийслэлд бий. Эдгээр зуухыг түүхий нүүрс, мидлинг, сайжруулсан түлшээр галлаж байгаа ч ирэх оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрсээр галлахгүй байхаар Шадар сайдын шийдвэр гараад байгаа.
Түүнчлэн нийслэлд агаар бохирдуулагч 661.348 автомашин байгаа нь 2016 оны үеэс 16 хувиар, жилийн өмнөхөөс 51.157-аар нэмэгдсэн байна. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын хоруу чанарыг хөл хорионы үе болон хөдөлгөөн хэвийн үеийнхтэй харьцуулахад РМ 2.5 тоосонцор 4 дахин, РМ 10 тоосонцор 3.8 дахин, хүхрийн давхар исэл 3.2 дахин, азотын давхар исэл 2.7 дахин ялгамжтай гарчээ.
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн Налайх дүүргийг, 2024 он гэхэд Багануур, Багахангай дүүргийг нэмж оруулахаар төлөвлөөд байна. Шадар сайдын тушаалыг хэрэгжүүлснээр 130 мянган тн түүхий нүүрс, 68 мянган тн мидлинг хэрэглээнээс хасна. Мөн авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг багасгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох аж.