Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай
Монгол улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар уржигдар /2021.12.24/ мэргэжлийн боксын анхны тулаанаа Оросын тамирчин Сослан Баевтай хийлээ. WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөөх энэхүү тулаанд Э.Цэндбаатар шүүгчдийн саналаар ялжээ.
Э.Цэндбаатар өнөөдөр өөрийн цахим хуудастаа “Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай” хэмээн бичлэгээ оруулсан байна. Өдгөө 25 настай, сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатарын хувьд энэ сарын эхээр Москваг зорьж, бэлтгэл сургуулилалтаа хийсэн юм. Харин түүнтэй тулалдсан осет залуу Сослан Баевын хувьд мэргэжлийн боксын рингэд зургаан тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулжээ.
Э.Цэндбаатар нь 2019 оны сонирхогчдын боксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнээс гадна 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алт, 2019, 2021 онуудын Азийн аваргаас дараалан алтан медаль тус тус хүртэж байв.