Д.ЦЭЦЭГДУЛАМ: Хүүхэд зодсон багшийн бичлэгийг цахим сүлжээнд цацсан нягтланг би зодоогүй
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цэцэрлэгийн дунд ангийн багш М нь хүүхдүүдийг зодож, ёс бус харьцаж байгаа бичлэг цахим сүлжээнд тархсан билээ. Эл хэргийг тус аймаг дахь цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хүүхдүүдийг зодож, танхайрсан багшийн бичлэгийг “Ирээдүй” цэцэрлэгийн нягтлан бодогч Ч.Урантуяа цахим сүлжээнд тавьжээ. Тэрбээр багшийн хууль бус үйлдлийг дэлгэж, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалсныхаа төлөө ажлаасаа халагдсан гэх мэдээлэл бий.
Цэцэрлэгийн эрхлэгч Д.Цэцэгдулам хүүхэд зодож байгаа бичлэг цахим сүлжээнд тавьсан нягтлан бодогч Ч.Урантуяаг байгууллагын нэр хүндэд халдсан үндэслэлээр ажлаас нь халах тушаал гаргажээ. Мөн тэрбээр түүнийг ажлаас нь халаад зогсохгүй, зодож танхайрсан байна. Тодруулбал, эрхлэгч Д.Цэцэгдулам нь арванхоёрдугаар сарын 2-нд нягтлан бодогч Ч.Урантуяагийн биед халдаж, өшиглөж, араас нь хөөх зэргээр танхайрсан бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна.
Тэгвэл энэ талаар “Ирээдүй” цэцэрлэгийн эрхлэгч Д.Цэцэгдуламаас тодруулахад “Хүүхэд зодсон багшийн бичлэгийг цахим сүлжээнд цацсан нягтланг би зодоогүй. Бичлэгт гарч байгаа хүн би биш. Хүүхэд маань халуураад байгаа учраас би эмнэлэгт байна” гэлээ.