С.Даяар: Олон улсад зөөврийн хоолны үйлчилгээ явуулж болж байхад Монголд “Үгүй, болохгүй” хэмээх ганцхан л хариулт өгдөг
Автобусанд хооллох боломжтой зөөврийн хоолны үйлчилгээг Монголд оруулж ирэхээр хувиараа бизнес эрхэлдэг залуус ажиллаж байсан юм. Гэвч хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл олгоогүй учраас энэхүү бизнесээ явуулах боломжгүй болсон талаар нэг хэсэг цахим орчинд шуугьсан. Энэ талаар хувиараа бизнес эрхлэгч С.Даяартай ярилцлаа.
-Анх хэзээ автобусанд зөөврийн хоол хийж иргэдэд үйлчилж байв?
-2012-2013 онд автобусаа бүтээсэн байх аа. Оныг нь тодорхой санахгүй байна. Гадаадад сурч ирээд хувиараа түрээсийн үйлчилгээ явуулж, энд тэндхийн шоу арга хэмжээ, наадмын үйл ажиллагаанд очиж үйлчлэхэд тухайн үедээ энэ чиглэлийн соёл хөгжөөгүй байсан.
Тэгээд л хөдөө орон нутагт, эсвэл энд тэндхийн оффисуудын төлбөртэй зогсоолд төлбөрөө төлөөд үйлчилгээгээ явуулъя гэж бодсон. Түүнийг хөгжүүлэхэд нэгдүгээрт, үйлчилгээний соёл хоёрдугаарт, шинэлэг үйлчилгээг иргэдэд мэдрүүлбэл гоё юм болов уу гэж бодоод найздаа санаагаа хэлэхэд дэмжсэн.
Автобус бол бидний өөрсдийн бүтээл л дээ. Бид өөрсдөө зургийг нь гаргаад хийсэн. Хотод буруу талдаа жолооны хүрдтэй автобус явуулахгүй гээд актлагдсан байсан автобусыг авч доторхыг нь бүрэн шинэчилж янзлаад үйлчилгээ явуулахад бэлэн болгосон
-Автобусаа тохижуулж янзлахад хэдэн төгрөгийн төсөв гаргасан бэ?
-Тухайн үеийн зүйлийг яг тодорхой санахгүй байна. Автобусны үнэ өртөг ороод 30 гаруй сая төгрөг болж байсан. Тэр бол зөвхөн автобусаа л тохижуулж янзлахад зориулсан мөнгө. Бусад зардлуудыг нарийн тооцож чадаагүй.
-Тухайн үед юунаас болоод үйл ажиллагаагаа явуулж чадаагүй гацчихсан юм бэ?
-Зөвшөөрөл авах ёстой байсан. Гэхдээ ийм төрлийн үйлчилгээний зөвшөөрөл гэж байгаагүй. Бид өөрсдөө Стандарт хэмжилзүйн газар очиж явуулын үйлчилгээ эрхлэх стандарт батлуулаад болох талаас нь үзсэн. Гол асуудал нь дүүрэг, нийслэл хотод үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар 2-3 шатлалын түвшинд уулзахад ойлголцох боломж олдоогүй. Бидний зорилго бол нийслэлийн хүн ам ихтэй, оффис барилгуудын гадна зогсоол дээр автобусаа байрлуулаад, зогсоолын төлбөрөө төлөөд, тодорхой цагуудад очиж үйлчилгээгээ үзүүлэх байсан. Хүн энэ үйлчилгээг мэдэхгүй байж болно. Гэтэл тухайн уулзсан хүмүүс ийм юм хийх гэж байгаа гээд хэлэхээр хамгийн эхний хариулт нь “Өө, тийм үү. Ямар үйлчилгээ вэ” гэж огт асуухгүйгээр шууд л “Үгүй, болохгүй” л гэдэг. Бид Онцгой байдлын газраас галынхаа дүгнэлтийг авчихсан. Манайх цайны газрын ангилалтай, архи пиво зардаггүй, ресторан биш.Цайны газраар тохижуулж, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид тоогоо бүртгүүлээд, бичиг баримтаа бүрдүүлээд дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэсэгт очихоор тийм ангилал байхгүй гэсэн шалтгаанаар зөвшөөрөөгүй. Гэтэл манай автобусыг яаж тохижуулсан, ямар стандарт шаардлагыг хангасан, хүмүүст хэрхэн үйлчлэх талаар судалж мэдээлэл авахаар ирсэн нэг ч төрийн албаны хүн байхгүй. Улсын байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, нийслэл, дүүргийн хэлтсүүдэд бүгдэд нь хандаад ийм зүйл хийсэн гээд автобусныхаа зураг харуулаад тухайн үед бүрдүүлсэн бичиг баримтаа үзүүлээд явахад нэг ч хүн ирж үзээгүй. Нэг ч удаа ирж үзээгүй байж “Болохгүй” гээд байдаг нь үнэхээр сонин.
-Тухайн үедээ зээл авсан байсан уу. Зөвшөөрөхгүй болохоор ямар бэрхшээл тулгарч байв?
-“Олон улсад ийм үйлчилгээ хүлээн зөвшөөрөгдөөд үйл ажиллагаагаа явуулж болоод байна. Монголд яагаад явуулж болдоггүй юм бэ” гэхээр ямар нэгэн буруу шийдвэр гаргачихвал өөрсдөө эргээд асуудалд унаж магадгүй гэсэн айдастай “Үгүй” гэдэг хариултыг өгдөг. Дунд түвшний төрийн албаны удирдагч нар өөрсдөө шийдвэр гаргах чадваргүй юм шиг байна лээ. Тийм айдас их байдаг болохоор зөвшөөрдөггүй байх гэж би хувьдаа дүгнэсэн. Тухайн үедээ хөрөнгө оруулалт нь хийгдчихсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авчихсан байсан. Тэгээд л одоо нэгэнт эхэлчихсэн юм чинь гээд жижиг цайны газраа нээсэн. Тэр хооронд автобус маань хаягдчихсан мөртлөө байж л байгаа.
-Цайны газар нь хэр орлоготой байв. Иргэд их үйлчлүүлж байв уу?
-Ер нь боломжийн үйлчлүүлэгчтэй, зарим нэгэн шинэ санаа туршиж эхэлсэн. Тэр үед CU-ийн салбар Монголд орж ирээгүй байсан. Тэгээд бид савласан хоол хийгээд дэлгүүрт тавьж борлуулъя гэсэн санаа төрж албан ёсны байх шаардлагатай учраас зөвшөөрлөө хөөцөлдсөн. Дахин улсын байгууллагаар орж зөвшөөрөл хүсэхэд бас л ижилхэн хариу өгсөн. Ийм хоол болохгүй. Тийм стандарт ч байхгүй гээд зөвшөөрөөгүй. Болох талаас нь огт ярьдаггүй. Хамгийн гомдмоор байсан нь юу байсан гэхээр нэг дүүргээс зөвшөөрөл хүсэхээр мэргэжилтэн нь “Миний дүү 7-8 жилийн өмнө гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаад ирсэн хүн над дээр ирээд яг наад зөвшөөрлийг чинь хүсээд дийлээгүй. Бүтэхгүй дээ” гэж хэлсэн. Надаас 7-8 жилийн өмнө бас нэгэн залуу бизнес хийхээр явж байхад зөвшөөрөөгүй учраас больчихсон. Ямар ч шалтгаангүй санагддаг. Одоо ч гэсэн төрийн байгууллагуудаар ороход “Үгүй, болохгүй” л гэдэг. Түүнээс “Алив юу хийх гэж байгаа юм. Тийшээ ороод уулзчих” гэдэг ч юмуу болгох талаас нь ер ярьдаггүй. Тэр бол миний хувьд хамгийн том бүтэлгүйтэл байсан.
-Автобусандаа тэгээд үйлчилгээ үзүүлж чадаагүй юу?
-Бид энд тэндхийн арга хэмжээнд л очдог байсан. Монгол шилтгээн дээр болдог шоунууд, Интро, наадам дээр очиж байсан. Нэг наадмаар зөвшөөрөл аваад оръё гэхээр автобусаар үйлчлэх зөвшөөрөл өгөөгүй. Манай автобусыг нэг ч хүн үзээгүй байсан болохоор тухайн үедээ Хүй долоон худаг руу орох гэтэл автобусыг маань оруулаагүй. Тэгэхээр нь зогсоол дээр нэлээд зайтай тавьж, сүүдрэвч шиг юм бариад автобусныхаа тоног төхөөрөмжийг салгаад сүүдрэвч рүүгээ зөөж, тэндээ хоолоо хийж үйлчилсэн. Дуусахад нь буцаагаад л тоног төхөөрөмжөө зөөж автобусандаа суурилуулаад хөдөлж байснаа мартдаггүй юм. Уг нь бол автобустайгаа очоод гаднаа гоё сүүдрэвч засаад хүмүүсээ суулгаад, автобус дотроо хоолоор үйлчлэх байтал тэгж чадаагүй. Хүрч ирээд үзэж сонирхох ч хүн байгаагүй.
-Танайх халуун, хүйтэн усаа яаж шийдсэн бэ?
-Зөөврийн усаар шийдсэн. Автобус нь аяллынх байсан болохоор доорх ачааны хэсэгт нэг талд нь бохир хийх сав, нөгөө талд нь цэвэр усны сав байршуулаад хоолойгоор татаж, халуун хүйтэн ус гоожих бойлуураар шийдсэн.
-Автобусандаа хэдэн хүнд зэрэг үйлчлэх боломжтой вэ?
-Нэг удаа 21-22 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Ажилчид нь багадаа дөрвөн хүн үйлчилнэ. Ачаалал ихтэй үед үйлчлэх хүн нь нэмэгдэнэ.
-Одоо хотын даргын захирамж гараад ийм, ийм үйлчилгээ хийхийг хориглохгүй. Төрөөс дэмжинэ, тусгай зөвшөөрөл гэж байхгүй. Цахимаар бүх үйлчилгээгээ авна гээд байгаа. Хэрэв энэ ажил хэрэг болбол энэхүү хоолны үйлчилгээгээ үзүүлэх үү?
-Ер нь бол хэзээ ч болино гэж бодоогүй. Хөл хорионы үеэр хэсэг зогссон. Одоо ч манай нэг цайны газар ажиллаж байгаа. Тохиромжтой цаг үе нь гарч ирэхийг хүлээж байсан. Боломж бол бий. Дахиж автобус тохижуулаад хийнэ гэж боддог.
-Цаашдын зорилго төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Дэлхийн том хотууд руу жижигхэн цайны газар болж гарах хүсэлтэй байгаа. Түүнээс Монголд бидний бизнес хаалттай байна. Бангкок юмуу, Сөүл хот руу гарвал хөрөнгө оруулалт нь ойролцоо тусч байгаа. Зардлаа хурдан нөхнө гэхээсээ илүү бизнесийн таатай орчинтой. Манайхан бантанг үндэсний хоол гээд байдаг. Мах их иддэг л гэдэг болохоос энэ олон жилийн турш бидний иддэг гульяш, тефтель зэрэг хоол монгол хоол л болчихоод байна. Жишээлбэл, будаатай хуурга гэдэг хоол азийн бараг бүх оронд байгаа. Харин түүний орц найрлага л арай өөр болдог. Манайх арай мах ихтэй, солонгос хятадад далайн хүнсний орц ихтэй. Гэхдээ үндсийг нь харахад адилхан будаатай хуурга. Тиймэрхүү жишээгээр бидэнд гадаадад гарахад боломж байгаа болов уу гэж харж байна. Энд тэнд очихоор монгол хоолны газар гэвэл хүмүүс их сонирхдог. Сүүтэй цай чанаад өгөхөд хүн болгон мэдэхгүй. Сүүн дээр давс хийхээр хүмүүс их гайхдаг. Гэхдээ амт нь гоё. Энэ нь өөрөө брэнд юм болов уу л гэж боддог. Тиймээс Монголд гэхээсээ илүү гадаадад гарах бодолтой байна. Ковид бидэнд нэг давуу тал олгосон нь Сөүл, Банкгогийн хамгийн бизнес гудамжинд хэзээ ч жаахан зай гарах боломж байгаагүй. Гэтэл ковидын улмаас зарим газрууд нь дампуураад үйл ажиллагаагаа зогсоосон. Үүнээс үүдээд бидэнд зай гарч, боломж нээгдэж байгаа гэж хараад хил гааль нээгдэхийг хүлээж байна.
-Ковидын үеэр юу хийж байв. Үйлдвэрлэл үйлчилгээ нэг хэсэгтээ л хаалттай байлаа шүү дээ?
-Сүүлийн гурван жил нийтийн тээвэр, авто замын түгжрэлийг бууруулахаар санал шийдэл олохоор явж байна. Өөрийнхөө очиж байсан хэд хэдэн хотын жишээн дээр тулгуурлаад авто замын түгжрэлд олсон шийдлээ нийслэл хотынхонд танилцуулах гээд л яваад байгаа. Үндсэндээ судалгаануудаа хийгээд явж байна. Цайны газрынхаа ажлыг жаахан хойш нь тавьчихсан. Түгжрэлийн асуудлаар жижиг шторк бэлдээд Youtube суваг дээр байршуулчихсан. Иймэрхүү л ажил хийгээд явж байна даа.