“Газар нутгаа харамласан” гээд гадаад харилцаагаар сүрдүүлжээ
“Газар бол улсын үндэс” гэдэг “монгол үг” байдаг. Үүнийг Хүннүгийн шаньюй Модун МЭӨ 209 онд тунхагласан. Түүнээс хойш, өнөөг хүртэлх Монголын төрийн тусгаар тогтнолын талаарх бодлогын цөм нь энэ байж ирсэн. Үүнтэй хэн ч маргахгүй.
Тэр утгаар, газар нутгаа харамлаж, хамгаалах нь Монголын төрийн, Монголын ард түмний, Монгол Улсын иргэн бүрийн үүрэг юм. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Орос руу айлчлахаар мордсон өдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 15-нд эзэнгүй, төлбөртэй бичвэр зарим хэвлэлд нийтлэгдлээ. “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй зарим нийтлэлийн талаар” гэдэг гарчигтай. Харин хаанахын, хэн гэдэг нь тодорхой бус. Бичсэн, захиалсан эзэн нь далдлагдсан уг бичвэрийн гол агуулга нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сүүлийн үеийн зарим нийтлэлтэй холбогдуулсан бололтой.Бидний сэтгүүлчид Монголын газар нутаг Оросын мэдэлд 100+100 жилээр ашиглуулах нэрээр шилжиж байгаа асуудлыг хөндсөн нь “эзэнгүй нийтлэл”-ийн эздийг бухимдуулжээ.
Өөрөөр хэлбэл, биднийг “Газар нутгаа харамласан” гээд гадаад харилцаагаар сүрдүүлжээ
Тиймээс ил гарсан эзэнгүй ч, эзэн нь нэгэнт тодорхой бичвэрт зарим тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзлээ. Ингэхдээ өөрсдийн хөндөөгүй, бичээгүй асуудлаар цаг, цаас гарздаж хариу өгсөнгүй.
Нэгэн зүйл. “Энэ оны арванхоёрдугаар сард манай хоёр орны Төрийн тэргүүн нар Москва хотод уулзах гэж буйг харгалзан үзэхэд үүнд гайхах зүйл алга. Иймэрхүү томоохон арга хэмжээнүүдийн үеэр Оросын Монгол дахь болон гадаад дахь сөрөг хүчнүүд манай харилцааны талаар худал хуурамч мэдээллийг зориудаар тархаахыг оролддог. Харин энэ удаад тэд онцгой эрчтэйгээр зүтгэж байна. Бодвол, тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Москвад хийх айлчлал амжилттай болж, дорвитой үр дүн гарахаас эмээж байгаа бололтой” гэжээ.
Бидний сэтгүүлчид гадаад харилцааны талаар ямар ч асуудал хөндөөгүй. Тэгэх ч боломжгүй. Харин Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгийг гадаадын улсад ашиглуулахдаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчиж байгаа тухай, үүнээс болоод Монгол үндэсний соёл, түүх рүү нулимсан үйлдэл болох вий гэдгээ сануулан эсэргүүцсэн юм. Цаашдаа ч эсэргүүцэн сануулсаар байх болно.
Нэгэн зүйл. “Ленин клубийг БНМАУ-ын эрх баригчдын зөвшөөрлөөр, тэдний тогтоосон газарт ЗХУ-ын хөрөнгөөр барьсан. Найрсаг Монгол Улсын эрх баригчид энэхүү цогцолборыг Оросын төрийн өмч хэмээн хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Одоогийн байдлаар талууд цогцолборын барилгуудыг өмчлөх эрх болон цогцолборын газрыг ашиглах эрхийг Монгол Улсын орчин үеийн хууль тогтоомжид, тэр дундаа Нийслэлийн тухай хуульд нийцүүлэн Оросын нэр дээр бүртгүүлэх хувилбарыг идэвхтэй хайж байна” гэжээ.
Хэн барьсан, хэний өмч вэ гэдэг дээр Монгол Улс дахь шийдвэр аль эрт гарсан байдаг. 1997 оноос хойш манай зарим аж ахуйн нэгж, хувь хүмүүс “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийг засч сэлбэн, харж хамгаалж ирсэн. Энэ хооронд Оросын ЭСЯ-наас уг барилгыг авна гэсэн маргааныг шүүхэд гаргаж байжээ. Харин шүүх тэдний гомдлыг хангаагүй байна. Энэ 2021 онд Оросын ЭСЯ дахин шүүхдээд, дахиад ялагджээ.
Нэгэн зүйл. “Сүхбаатарын талбай болон Төрийн ордныг Чин сүсэгт гүртэмбэ, Гүжир хамба эрдэнэбилэгт, Тунгалаг бишрэлт хутагт Чойжин лам Лувсанхайдавын өргөөний түүхэн цогцолбороос таглан хааж, Ленин клубийн суурин дээр өндөр байшин барихыг завдсан Оросын аливаа компанитай ямар ч яриа хэлэлцээ хийгээгүй. Түүгээр ч үл барам Монголын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр ийнхүү үйлдлийг хийх нь зарчмын хувьд боломжгүй” гэжээ.
Манай улс Төрийн ордон, Чойжин ламын сүм /Төрийн сахиусны өргөө/-ийн дунд байрлах энэ газрыг Оросын “эдэлбэр газар” болгох боломжгүй. Цаашлаад Оросын тал аваад тэнд өндөр барилга авах нь Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халгаатай хэрэг болно. Энэ бол Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, Монголын ард түмний эв нэгдэлтэй холбогдох чухал ач холбогдолтой газар. Тиймээс Орост өгөх байтугай одоогийн “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийн барилгыг нурааж оронд нь цэцэрлэгт хүрээлэн барих ёстой. Ийм байр суурийг өнгөрсөн хугацаанд Оросын гол албан тушаалтнуудад ойлгуулж ирсэн гэдэг. Тухайлбал, яг энэ асуудлаар Оросын Хилийн чанад дахь төрийн өмчийн үйлдвэрийн газрын дарга С.А.Сушковтай ойлголцсон гэсэн мэдээлэл бий.
Нэгэн зүйл. “Тухайн газрыг Оросын өмчлөлд бүртгэхээр төлөвлөж буй тухай мэдэгдэл нь бодит үнэнд нийцэхгүй ба ингэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчсөн үйлдэл юм. Энэ тохиолдолд Монгол Улсын хуулиар тогтоосон хугацаанд газрыг ашиглах тухай л ярьж болно” гэсэн байгаа юм.
Бид уг газрыг Оросын өмчлөлд бүтгэх гэж байна гээгүй, харин 100+100 жилээр ашиглуулах нэрээр шилжүүлэх гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн хавсралт хууль, Газрын тухай хуулийг зөрчиж байгаа талаар хэлж байгаа юм. Товч хэлэхэд, Монгол Улсын ямар ч хуулиар ингэж ашиглах боломжгүй.
Нэгэн зүйл. “Чойжин ламын өргөөний урд талд Шангри-Ла цогцолбор баригдсаныг, эсвэл баруун болон зүүн талд нь олон жилийн турш барилгын ажлууд өрнөж байгааг, эсвэл Монголын барилгын компаниуд Ленклубийн оронд олон давхар оффисын барилга барьж, түүх, соёлын дурсгалт газрыг орчин үеийн, үзэмж муутай барилгуудаар бүрэн бүслэх гэж байсан төлөвлөгөөг цаг тухайд нь зогсоож чадсаныг үл харгалзан, тэднийг шүүмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн АНУ-ын Элчин сайдын яамнаас тус түүхэн барилгын өнгө үзэмжийг сэргээхээр эхлүүлсэн ажилд ивээн тэтгэгчийн хувиар нэгдэхийг уриалсан ганц ч үг байхгүй байгаа нь бас харамсалтай” гэжээ.
Энэ нь Монгол Улсын дотоод асуудалд хэт оролцсон, зохицуулсан, зааж зааварласан зэрэг хэт дээрэнгүй, өмнөх нийгмийн үеийн хандлага бөгөөд газар нутгаа монголчуудын хэн нь яаж эзэмших, ашиглах нь зөвхөн Монгол Улсын дотоод асуудал юм.
Нэгэн зүйл. “Зохиогчид Ленин клубийн сэдвийг хөндөхдөө УБТЗ-ын дагуух нутаг дэвсгэрийг Оросын талд шилжүүлэн өгөх төлөвлөгөөний талаарх мэдээллийг заавал нэмж оруулдаг” гэсэн байна.
Хэрэв энд дурдагдсан дээрх маягаар “ашиглах”-аар болж байгаа бол мөн л Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийг шууд зөрчсөн үйлдэл бөгөөд бид эсэргүүцэн сануулах болно.
Нэгэн зүйл. “Түүнчлэн дээр дурдсан нийтлэлүүд нь 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар холбооны өмчлөлийн орон сууцууд баригдсан тодорхой газруудыг ашиглах эрхийг 2019 онд ОХУ-ын нэр дээр албан ёсоор баталгаажуулсан тухай дурддаг. Энэхүү ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу яс явагдсан” гэжээ.
Оросын Гадаад хэргийн яамнаас 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдөр “Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол (цаашид “протокол”) болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр (цаашид “хэлэлцээр”)-т дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож байна” гэсэн 538н/1да ноот бичиг ирүүлсэн. Манай Гадаад харилцааны яамнаас зургадугаар сарын 11-нд хариу ноот бичгээр “Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг Оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж өөрчилж оруулаад “Хавсралт 1”-ээр “Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт” гаргасан.
Ер нь ингэж Оросын “эдэлбэр газар” Монголд тэлээд байгаа юм. Ийм технологи хэрэглээд байна гэхэд болно.
Гэтэл энэ үйлдлүүд нь:
-Монгол Улсын Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасныг зөрчсөн. Монгол иргэний зуслангийн газар эзэмших ганц хүсэлтээс хурдан хугацаанд буюу 2019 онд ноотын дагуу зургаахан сард шийдвэрлүүлж авсан эдэлбэр газрууддаа төлбөр төлдөг үү?!
-Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6.3-т “БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 199З онд багтаан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Харин Үндсэн хуульд харшилсан дээрх протокол, хэлэлцээр нь 1993 онд багтаж шийдвэрлэгдээгүй болохоор хүчин төгөлдөр гэж үзэхээргүй эрх зүйн дүгнэлт гарч байна.
-Газрын тухай хуулийн 2.1-т “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан байна. Энэ хуулиар Орос улс нь Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгосон ноот явуулж, түүнийг нь манай улс шийдэх боломжгүй байсан байна.
Тиймээс цаашид 2019 оны зургадугаар сарын 11-нд 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлыг дахин авч үзэж, цуцлах шаардлагатай юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ