Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2 хувиар нэмэгдэв
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (14.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 (11.3 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 771.6 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 138.4 (12.9 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 30.9 (25.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэл энэ оны 11 дүгээр сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 83.9 (5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 131.6 (11.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 11 дүгээр сард 1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 266.2 (20.5 хувь) тэрбум төгрөгөөр багасахад нүүрс олборлолт 395.3 (66.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, хүрэн нүүрс, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 5.2-30.1 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гар ариутгагч, спирт, катодын зэс (99 хувь), ус, ундаа, жүүс, цемент, малын мах, согтууруулах ундаа, шингэн сүү, шохой, нүүрсэн шахмал түлш, баяжуулсан нүүрс, янжуур тамхи, металл бэлдэц зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1 хувиас 2.2 дахин нэмэгдэв.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр, алт, хайлуур жонш, чулуун нүүрсний олборлолт 1.1-31.4, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гурил, самнасан ноолуур, амны хаалт, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.2-64.8 хувиар багассан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 (28.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4.3 (36 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (36 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 4.4 (56.4 хувь) их наяд, газрын тос олборлолтын салбарынх 338.4 (93.3 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолтын салбарынх 84.1 (36.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Гадаад зах зээлд энэ оны эхний 11 сард 14.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний 74.3 хувийг металлын хүдэр, 18.8 хувийг нүүрс, 5.4 хувийг газрын тос олборлолтын, 1.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарынх эзэлж, газрын тос олборлолтын бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 1.1, металлын хүдэр олборлолт 13.9 нэгж хувиар нэмэгдэж, нүүрс олборлолтын салбарынх 14.8, бусад ашигт малтмал олборлолтын салбарынх 0.2 нэгж хувиар багассан байна.