Бизнес эрхлэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийн тэргүүн эгнээнд олон төрлийн шат дамжлага, хүнд суртал бүхий тусгай зөвшөөрлийн асуудал байдгийг бизнес эрхлэгчид дуу нэгтэйгээр хэлдэг. Тэгвэл өчигдөр хотын мээр Улаанбаатар хотод үйлчилгээ худалдаа эрхлэх 74 төрлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй гэж гэнэт мэдэгдэв. Хотын даргыг түүхэн гэж хэлж болохоор шийдвэр гаргалаа гэж бизнесийнхэн болоод цахим орчинд иргэд ам сайтай байна. Ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх тус шийдвэрт багтсан 74 төрлийн үйл ажиллагаанд судалгаа хийж үзэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан аж. Жагсаалтад багтсан худалдаа үйлчилгээний төрлүүдийг харахад жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан чухал шийдвэр боллоо гэж салбарынхан нь дүгнэж байна.
Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг аж. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байна. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг. Тэгэхээр энэ бүх зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргаснаа хотын дарга мэдээлсэн.
Тус шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цаашид тусгай зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Ингэснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 20 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд тооцжээ.
74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохгүй болсны үр дүнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах бодит хэмнэлт, үр дүн гарна гэж тооцоолсон байна. Тухайлбал, бүрдүүлэх баримт бичгийг багасгах чиглэлээр жилд давхардсан тоогоор 167976 баримт бичиг, нэг гэрээ байгуулж, эрх авахад 7-12 буюу дунджаар есөн баримт бичиг бүрдүүлдэг бөгөөд эдгээрийг цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болох юм байна.
Цаг хугацааны хувьд иргэд төрийн гурван байгууллага буюу Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс рүү хоёр удаа, дүүргийн Татварын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани руу нэг удаа ирж, очдог бөгөөд нийт 447936 цаг зарцуулдаг. Төрийн таван байгууллагад биечлэн очиж хүсэлт гаргадаг бөгөөд цахим хэлбэрт шилжүүлснээр үйлчилгээний хүсэлтээ зөвхөн нэг цонхоор гаргана. Иргэний хүсэлтийг төрийн дээрх байгууллагууд цахим хэлбэрээр нэгэн зэрэг хүлээн авч, шийдвэрлэж хариуг нэг цонхоор цахим хэлбэрээр өгөх нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Тэгэхээр одоо энэ бүх зардлыг хэмнэж болохоор болсон тул бизнес эрхлэхийг хүссэн хэн бүхэн үйл ажиллагаагаа эрхэл, харин хариуцлагатай бай, шударга өрсөлд гэдэг зүйлийг л ярина гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: ХАЛАМЖИЙН ТОГТОЛЦООНООС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛЖ БАЙНА
-Бид мөнгөтэй болох гэж байгаа иргэдээ дэмжих ёстой. Тэд төрөөс ажлын байр гуйгаагүй, зээл гуйгаагүй. Тийм учраас нэг ч гэсэн хүн өөрөө орлогоо олж, бие даагаад явж байхад төрийн ачаалал хөнгөрнө. Олон шат дамжлага, хүнд суртал хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болдог. Тиймээс бизнес хийх ангилалд бид олон шатлал тавиад байх шаардлагагүй. Мэдээж стандарт байгаа. Монгол Улсад 6602 стандарт бий. Нийслэлд 2500 гаруй стандарт мөрдөж байна. Тэдгээрийн 40-50 хувь нь хуучирсан. Тэгэхээр бид стандартын хэм хэмжээг, Улаанбаатар хотын дүрмийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж байгаа.Тэгэхээр нэгдүгээрт стандарт, дараа нь аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хэнийг ч нээлттэй, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжоор нь бид хангах ёстой. Улаанбаатарын иргэд орлоготой байх ёстой. Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой гэдэг үүднээс бид суурийг нь тавьж байна. Халамжийн тогтолцооноос татгалзахыг уриалж байна гэлээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: ТӨРИЙН 940 ГАРУЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД АВДАГ
-Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаанаас ковидтой холбоотой хөл хорио, төрийн зүгээс үзүүлдэг шалгалт, дарамт шахалт их байна, үүнийг хэрхэн цөөлөх вэ гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Манай хийсэн хүнд суртлын судалгаагаар төрийн 940 гаруй зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авдаг. Хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалт нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог. Өнөөдрийн Хотын даргын хийсэн мэдэгдэл бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал. Тэр дундаа хүнд суртлын индекс хотод илүү өндөр байдаг. Эхний ээлжид 74 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг. Шинэ сэргэлтийн бодлогын ард Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, ажлын байр, эдийн засгийн зорилтот түвшинд хүрэх зорилго бий. Үүнд зөвшөөрөл маш том саад тотгор болдог. Дээр дурсан салбарууд бол хамгийн олон ажлын байр бий болгодог. Залуучууд, оюутнуудыг ажлын байраар хангадаг салбар. Өрсөлдөөн бол хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэн сайн үйлчилгээг санал болгосон нь зах зээлд тогтдог, мөн хэрэглэгч өөрөө худалдан авч байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг болох шинэ соёлд суралцах шаардлагатай. Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар орно. Энэ хуулиар онц шаардлагагүй олон зөвшөөрөл, хүний нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой л биш бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бид үзэж байна. Хамтдаа цоо шинэ стандартад зохицож, дасаж амьдарцгаая. Энэ чухал шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад талархсанаа бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс илэрхийлье.
Монголын ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх: ОРОН НУТАГТ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
-Манай салбарын бизнес эрхлэгчид өнөөдрийн шийдвэрийг талархан хүлээн авч байгаад итгэлтэй байна. Цар тахлын хүнд нөхцөлд бид хотын удирдлагуудтай удаа дараа уулзаж, бизнесийн орчноо авч үлдэх гэж ажиллаж ирсэн. Хамгийн түрүүнд Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс ийм шийдвэр гаргаж байгаа нь талархууштай хэрэг. Цаашдаа хөдөө орон нутагт, аймаг, сумын удирдлагууд бүрэн эрхийнхээ хэмжээнд ийм шийдвэр гаргавал манай салбарынханд маш том дэмжлэг болно. Түүнчлэн тэмдэгтийн хураамж, архины зөвшөөрөлтэй холбоотой зүйлс цөөнгүй бий. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя гэсэн юм.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин