“Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд богино хугацаанд тэтгэвэр авах нь шударга бус”
УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр настны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Өдгөө манай улсад 450 мянган иргэн тэтгэвэр авч байна. Тэтгэврээ барьцаалан зээл авсан ч төлж дуусгалгүй нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж төлөхөөр уг төсөлд тусгажээ. Одоо нас барсан ахмад настны зээлийг ар гэр, үр хүүхдүүд нь төлж, барагдуулж буй.
Гишүүн Ц.Туваан “Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350, хувь тэнцүүлсэн тэтгэврийнх 300 мянга орчим төгрөг байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд ороод буй энэ цаг үед тэтгэвэр нь хаанаа ч хүрэхгүй байна. Нийт хүн амын 30 гаруй хувь буюу 900 орчим мянган хүн ядуу гэсэн ангилалд байгаагийн гол хувийг тэтгэврийнхэн эзэлдэг. Тэтгэвэр авах насыг хуулиар нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гарах зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Гэтэл манайд эрэгтэй хүний дундаж наслалт 66, эмэгтэйчүүдийнх 75. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд маш бага хугацаанд тэтгэвэр авах нь шударга бус. Тэтгэврийн зээлийг тэглэсэн нэг удаагийн шийдвэрээс хойш тэтгэвэр авагч 71 мянган хүн 90 орчим тэрбум төгрөгийн зээл шинээр авсан байна. Салбарын яам нь Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Тэтгэврийг нь барьцаалж зээл олгохгүй байх зохицуулалтыг энэ хуулиудад тусгасан тухай мэдээлэл өгсөн. Зээл авахыг хориглосон хууль баталбал төр 350 мянган төгрөгийн тэтгэврээр зээл ч авч болохгүйгээр амьдар гэж ахмадуудыг улам ядуу амьдрах нөхцөл рүү түлхэж, Үндсэн хууль зөрчихөөр байна. Иргэнээ “Чи хөгшин учир зээл авах эрхгүй” гэж хуулиар хориглох нь байж боломгүй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн ноцтой зөрчил болно. Тэтгэврийн зээл аваад төлж чадаагүй нас барсан иргэд бол ажил хөдөлмөр эрхэлж, олсон орлогоосоо зохих хэмжээгээрээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу төрд өртэй үлдэх ёсгүй хүмүүс гэдгийг бид сайтар ойлгох шаардлагатай” гэв.
Энэ үеэр тэрбээр Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ оныг дуустал хэрэгжихийг сануулсан. Үлдсэн хугацаанд амжиж уг хуулийн үйлчлэлд хамрагдахыг онцолсон юм. Тодруулбал, сарын 42 буюу жилийн 504 мянган төгрөгийг төлбөл нийгмийн даатгалын шимтгэлээ цаг хугацаанд нь бүрэн төлснөөр тооцох юм. Улсын хэмжээнд 280 мянга орчим малчин байгаагаас 20 гаруй мянга нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг юм байна.