Ц.Туваан: Эрэгтэй хүн 65 хүрээд дунджаар жил орчим тэтгэвэр аваад бурханы орон руу явж байна
Нийгмийн дунд хүлээлт ихтэй байсан Нас барсан иргэний тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодруулга авлаа.
-Таны өргөн барьсан хуулийн төсөл нийгмийн дунд хүлээлт ихтэй байсныг хуульчид болон судлаачид ярьж, бичиж байна. Уг хуулийн төслийнхөө талаар тайлбарлахгүй юу?
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 мянган тэтгэвэр авагч бий. Үүнээс нас барсны дараа тухайн хүн зээлтэй байх юм бол тэрхүү зээлийг ар гэрийнхэн нь төлдөг. Банкаас зээл авахаар тухайн өрхийн хэн нэг нь заавал батлан даагч болж байдаг. Тухайн хүн нас барсан тохиолдолд тэр зээлийг ар гэрийнхэн нь төлдөг. Хүмүүс ажил явдалтай үед тэр зээлийг төлөх, дээрээс нь нас барсны гэрчилгээ авахын тулд тухайн хүний зээлийг төлж байж авдаг учир тус зээлийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл юм. Энэ бол анх удаа хийгдэж байгаа арга хэмжээ биш. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Нийтдээ 240 мянган тэтгэвэр авагчийн 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Мөн тэтгэврийн зээлгүй байсан 210 гаруй мянган тэтгэвэр авагчид нэг сая төгрөг өгч нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга орчим байгаа. Тэгэхээр юмны үнэ өссөн энэ үед тэтгэвэр авагчдын маань тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Иймээс энэхүү хуулийн төслийг санаачилсан.
-Хөдөлмөрийн тухай хуулиар тэтгэвэр авах насыг нэмэгдүүлсэн. Үүнтэй бас энэхүү хуулийн төсөл хэрхэн уялдах вэ?
-Энэ хуулиар эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гарна. Улирал тутам гурав, гурван сараар нэмэгдээд явж байгаа. Манай улсад эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй хүнийх 75 байна. Үүнээс юу харагдаж байна гэхээр эрэгтэй хүн 65 хүрээд ойролцоогоор жил орчим тэтгэвэр аваад бурханы орон руу явж байгаа. Ийм байж болохгүй ээ. Энэ бол шударга бус, хүндээ ээлгүй төрийн үзэгдэл. Тухайн хүн насаараа нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлж явж байгаад маш бага хугацаанд тэтгэвэр гэж хэдэн төгрөг аваад бурхан болдог байж болохгүй юм аа. Тиймээс ийм нийгмийн тулгамдсан асуудал байгаа учраас энэхүү хуулийн төслийг оруулж ирж байна.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэсэн. Түүнээс хойш хичнээн ахмад настан хэдэн төгрөгийн зээлтэй байна. Хууль санаачлагчийн хувьд олон судалгааг үзсэн байх?
-Нэг удаад тэглэснээс хойш өдийг хүртэл нийт 71 мянган тэтгэвэр авагч 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг дахиад авсан байна. Яагаад зээл авч байгаа нь тодорхой. Тэр хүмүүсийн амьдралд тэтгэврийн 350 мянган төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байна. Энэхүү иргэдийн тодорхой тооны хүмүүс бурханы орон руу явж байгаа.
Ар гэрийнхний энэхүү хүндрэлийг чөлөөлж, тэтгэврийн зээлийг нь нэг удаа тэглэх ийм хуулийн төсөл юм аа.
-Өөр нэг асуудал бий шүү дээ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль. Уг хуулийн хүчинтэй хугацаа дуусах дөхөж байгаа. Энэ талаар УИХ ямар нэгэн бодлого зохицуулалт хийж байна уу?
-Энэ хууль 2022 оны нэг сарын 1 хүртэл хүчинтэй байна. Тэгэхээр манай малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид маань өнөөдрөөс эхлээд 15 хоног байна. Энэ хугацаанд амжиж сарын 42 мянга буюу жилийн 504 мянган төгрөгийг төлөх хэрэгтэй. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл тань цаг хугацаандаа төлөгдсөнөөр орно гэдгийг анхааруулж хэлье ээ. Энэ боломжоо сайн ашиглаарай. Хуулийн тухайд УИХ-аас уг хуулийг дахих сунгах боломжгүй гэж харж байгаа. Манай улс нийт 280 мянган орчим малчинтай гэсэн тоо байдаг. Үүнээс ердөө 20 гаруй мянган хүн л нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байна. Малчдын тэтгэврийн насыг нааш нь татсан хууль бас бий. Өөрөөр хэлбэл, малчин эрэгтэй хүн 55, малчин эмэгтэй хүн 50 насандаа тэтгэвэрт гарах хууль хэрэгжиж байгаа шүү. Хэдийгээр ийм хууль байгаа ч малчид маань тогтмол орлогогүйгээсээ болоод нийгмийн даатгалын шимтгэлээ сар сараар нь төлөх боломжгүй байдаг. Тиймээс дээрх хуулийн боломжийг сайн ашиглаасай гэж хүсч байна.
-Тэтгэвэрт гарсан иргэд дээд тал нь хэдэн төгрөгийн зээл авах боломжтой юм бэ. Мөн хэдэн ч төгрөгийн зээл авсан тухайн иргэн өөд болчихвол тэглэх тухай хуулийн төсөл гэж ойлгож болох уу?
-Нэг удаагийн тэтгэврийн зээл тэглэсэн асуудлыг нийт 900 гаруй тэрбум төгрөгөөр шийдсэн. Үүнд зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй хүмүүс хамрагдсан. Тэрнээс хойш дахин хууль гарсан. Тэр нь банкууд тэтгэврийн зээлийг жилдээ нэг удаа зургаан сараас дээш олгохгүй гэдэг хууль. Тэгэхээр хэмжээ нь багасаад хоёроос гурван саяын дотор ороод ирсэн гэсэн үг. Өнөөдрийн энэ 70 мянган тэтгэвэр авагч 90 тэрбум гэдэг бол нэг иргэн дунджаар 1.3 сая төгрөгийн тэтгэврийн зээл авч болж байгаа хуулийн зохицуулалттай л гэсэн үг. Тиймээс хэмжээний хувьд тийм өндөр гарахгүй ээ.