Оюутолгой төслийн талаар цаашид гарч болох зарим үр нөлөө
Сүүлийн жилүүдэд Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ, далд уурхайн санхүүжилттэй холбогдсон асуудлаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс Рио-Тинто компанийн удирдлагад удаа дараа шаардлага тавьж, талууд энэ асуудлаар хэлэлцсээр ирсэн билээ.
Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд энэ асуудлаар талууд уулзаж, ярилцсаар ирсэн боловч хараахан ямар нэгэн нэгдсэн ойлголтод хүрээгүй байсан.
Рио-Тинто компанийн Ерөнхий захирал Якоб Стаусхолм болон Туркойс Хилл Ресурсес компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу нараас 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр дээр Оюутолгой төслийг тойрсон зарим асуудлаар 5 зүйл бүхий саналтай захидлыг ирүүлсэн.
Энэхүү захидал, түүнд тусгагдсан саналын талаар Монгол Улсын Ерөнхий сайд даваа гаригт мэдээлэл хийсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна. Өнгөрсөн өдрүүдэд Financial times, Reuters, Mining Journal гэх мэт олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү саналын талаар мэдээлж байна.
Ийн мэдээлэл гарсан нь Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес компанийн хувьцааны үнэ ханшид нааштай нөлөө үзүүлжээ.
Тухайлбал:
Лондонгийн хөрөнгийн биржэд арилжаалж буй Рио-Тинто компанийн нэгж хувьцааны ханш 12 дугаар сарын 9-ний өдөр 4,709.00 фунт байсан бол дээр мэдээллийн дараа 4,864.00 фунтэд хүрч 3.3 хувиар өсчээ.
Нью-Йоркийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Туркойс Хилл Ресурсес компанийн хувьцааны үнэ ханш 12 дугаар сарын 12-ны өдөр 14.50 ам.доллараар арилжаалагдаж байсан бол дээрх мэдээллийн дараа нэгж хувьцааны үнэ ханш нь 17.00 ам.долларт хүрч, 17 хувиар өссөн байна.
Оюутолгой төслийн томоохон хувийг эзэмшиж буй Рио-Тинто компанийн энэ оны 3 дугаар улирлын уул уурхайн салбарын олборлолт, борлуулалтын болон санхүүгийн үзүүлэлтийг авч үзвэл:
Рио Тинто компани өнөөгийн байдлаар Чили Улсад зэсийн хүдрийн Kennecott, Escondida гэсэн уурхай, мөн Оюутолгойн уурхайд үйл ажиллагаа явуулж байна.
Тус компанийн Зэсийн группийн хүрээнд дэлхий нийтээр үйл ажиллагаа явуулж буй орд газруудын дүнгээр энэ оны гуравдугаар улиралд 125.2 мянган тонн, оны эхний 9 сарын дүнгээр 361.2 мянган тонн зэс олборложээ.
Тус компанийн олборлосон зэсийн хэмжээ 3 дугаар улиралд өмнөх улирлын олборлолтоос 8 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: http:// www.riotinto.com/-/media/Conte...
Дээр дурьдсан зэсийн хүдрийн уурхайн олборлолтын үзүүлэлтийг авч үзвэл:
Оны эхний хувь сарын дүнгээр Kennecott-ийн уурхайн зэсийн хүдрийн олборлолт 109.7 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар өссөн бол Escondida уурхайн зэсийн хүдрийн олборлолт 209.9 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс -17.0 хувиар буурчээ.
Оюутолгойн ордоос олборлосон хүдрийн хэмжээ оны эхний 9 сард 41.6 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: http://www.riotinto.com
Оюутолгой ордын зэсийн хүдрийн олборлолт, баяжуулалт хэвийн явагдаж байгаа боловч цар тахлын халдварын тархалтын эрсдэл, хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааны тасалдлаас шалтгаалан борлуулалтын хэмжээ удаашралтай байгаа талаар тус компанийн тайланд дурдсан байна.
Туркойс Хилл Ресурсес компанийн санхүүгийн тайлангаас үзвэл 2021 оны 3 дугаар улирлын байдлаар Оюутолгойн уурхайгаас 41.9 мянган тонн зэсийн баяжмал, 130.8 мянган унц алтыг олборлосон ажээ.
Тус компанийн борлуулалтын орлого 622.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн (2020 оны III улиралд 264.4 сая ам долларын орлого) үзүүлэлтээс 35.6 хувиар нэмэгдсэн гэж мэдээлжээ.
Цаашид үйл явдал ямар дарааллаар, хэрхэн үргэлжлэх вэ
Мягмар гаригт болсон Засгийн газрын хуралдааны дараа Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хийсэн мэдээллээс үзвэл “Монгол Улсын Засгийн газар Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес компаниас ирүүлсэн саналыг хүлээн авч байгаа” гэж мэдэгдсэн.
Одоо Засгийн газрын ажлын хэсэг хуралдаж, ирүүлсэн саналыг нарийвчлан судлан үзээд Засгийн газрын ажлын хэсгийн саналыг бэлтгэх бөгөөд Рио Тинто болон Туркойс Хилл Ресурсес компанид илгээх захидлын хариу төслийг бэлтгэх болно.
Эдгээр санал, төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улмаар УИХ-ын дэд хорооны гишүүдэд танилцуулах юм. Үүний дараа санал болон захидлыг албажуулан дээрх компаниудын удирдлагад илгээнэ.
Рио Тинто болон Туркойс Хилл Ресурсес компанийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын хариу захидлыг хүлээн авч, ирүүлсэн саналтай танилцаад тус тусын байр суурийг илэрхийлэх болов уу.
Эдгээр үйл явцын дараа хөрөнгө оруулагч талууд, ажлын хэсэг хамтран дээрх саналуудыг ямар байдлаар албажуулах, гэрээ хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт оруулах эсэх асуудлаар зөвшилцөлд хүрэх учиртай. Ажлын хэсгийн гишүүд эдгээр асуудлаар санал нэгдсэн нөхцөлд проткол үйлдэж, харилцан ойлголцсон асуудлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх болно.
Ийнхүү хоёр талын ажлын хэсэг тодорхой асуудлууд дээр саналаа нэгтгэж тохирсон нөхцөлд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх шийдвэрийн төсөл боловсруулагдах ёстой.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн гэрээ, далд уурхайн санхүүжилт, уг төслийн санхүүжилттэй холбогдсон өр төлбөрийн бичилтийн асуудлыг хэлэлцэн тогтоол шийдвэрийг гаргаснаар олон жилийн туршид үргэлжилсэн асуудал үндсэндээ шийдвэрлэгдэх шатандаа орлоо гэж үзэж болно.
Монгол Улсын Засгийн газар гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороод, Намын бүлэгт мэдээлэл өгөх, танилцуулах, улмаар гаргасан шийдвэрийг Рио Тинто болон Туркойс Хилл Ресурсес компанийн удирдлагуудад албан ёсоор хүргүүлнэ.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг Оюутолгой компанийн ТУЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авах эсэх талаар, мөн энэхүү шийдвэртэй холбогдуулан тус компанийн нягтлан бодох бүртгэлд ямар өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх учиртай.
Хэрэв ямар нэгэн саатал гарахгүй бол дээр дурьдсан үйл явц ирэх 2-3 сарын дотор багтан хэрэгжих боломжтой. Ийнхүү талууд эцсийн дүнд нэгдсэн ойлголцолд хүрч, холбогдох шийдвэрүүдийг батлан гаргавал ирэх 2022 оны гуравдугаар сар гэхэд өр төлбөр, санхүүжилтийн асуудал цэгцэрч, Оюутолгойн уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын цаашдын үйл явц үргэлжлэх, улмаар далд уурхайн олборлолт эхлэх цаг хугацаа тодорхой болох юм.
Энэ бүх мэдээлэл нь олон улсын банк, санхүүгийн зах зээл, тус төсөлд хөрөнгө оруулсан нийт хөрөнгө оруулагчдад тааламжтай мэдээлэл болох бөгөөд Оюутолгой төсөлд хөрөнгө оруулалт хийсэн бүхий л компаниудын зах зээлийн үнэлгээ өсөх тааламжтай нөхцөл, эерэг үр дагавар гарах болно гэж найдаж байна.
Ковидын халдварын тархалт аажмаар намжиж, олон улсын зах зээлд түүхий эдийн эрэл хэрэгцээ өсөн нэмэгдэх цаг мөчид Оюутолгойн далд уурхай үйл ажиллагаагаа эхэлж, олборлолтоо явуулах нь бүхий л талуудын эрх ашигт нийцсэн чухал үйл явдал болно.
Ийнхүү Оюутолгойн далд уурхай төлөвлөсөн цаг хугацаандаа ашиглалтад орсноор төслөөс Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нэн таатай, нааштай нөлөөлөл нь эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, нийт бизнесийг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно.
Эдийн засагч Н.Энхбаяр