Цар тахлаас төрсөн тэрбумтнууд
Цар тахал эхэлснээс хойш эрүүл мэндийн салбараас 50 тэрбумтан шинээр төрсөн тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ. Тэдний дунд коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгч “Moderna” болон “BioNTech” компанийн удирдлагууд багтаж байна. “Ковид-19” халдварын эсрэг вакцин эмийн компаниудын үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлснээр наад зах нь есөн хүн долларын тэрбумтны эгнээнд багтсан тухай “People Vaccines Alliance” байгууллагын тайланд тэмдгэлжээ.
Шинэ тэрбумтнуудын жагсаалтыг Америкийн “Moderna “компанийн Ерөнхий захирал Стефан Бансель болон Германы “BioNTech” компанийн тэргүүн Угур Шахин нар тэргүүлж байна. Өнгөрсөн жил Банселийн хөрөнгө 4.3 тэрбум, Шахиных 4 тэрбум доллар хүрчээ. Тэдний дараа “Moderna “компанийн хүмүүс болох дархлаа судлаач Тимоти Спрингер (2.2 тэрбум доллар); захирлуудын зөвлөлийн дарга Нубар Афеян (1.9 тэрбум); вакцин савлах “ ROVI” компанийн тэргүүн Хуан Лопес-Бельмонте (1.8 тэрбум); эрдэмтэн Роберт Лангер (1.6 тэрбум) нар бичигдлээ.
Мөн энэхүү жагсаалтад Хятадын Convidicea вакциныг үйлдвэрлэгч CanSino Biologics компанийг үүсгэн байгуулагчдын нэг Чу Тао (1.3 тэрбум), дэд ерөнхийлөгч нар болох Цю Дунсу (1.2 тэрбум), Мао Хуэйхуа (нэг тэрбум) багтжээ. Есөн шинэ тэрбумтны нийт олсон хөрөнгө 19.3 тэрбум ам.доллар аж. Энэ нь хүн амынх нь дөнгөж 0.2 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад буй ядуу буурай улсын иргэдийг бүрэн дархлаажуулахад элбэг хүрэлцэх мөнгө юм байна.