УИХ-ын гишүүн Э.Батшугар: Би өөрийнхөө карьерийг төлөвлөхөөс илүүтэй иргэд намайг ямар улстөрч болохыг дүгнэх байх
УИХ-ын гишүүн Э.Батшугар хэвлэлд анх удаагаа ярилцлага өглөө.
-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын 30 дугаар Их хурал болж өнгөрлөө. Энэ үеэр МАН-ын тэргүүлэгчид Бага хурлын гишүүдээ сонгохоос гадна удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Таны хувьд Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон шүү дээ. Хурлын сэтгэгдлээс хуваалцаач?
-МАН-ын 30 дугаар их хурал амжилттай болж өнгөрлөө. Бид хурлаараа олон асуудал хэлэлцэж, олон зорилт зорилго дэвшүүллээ. Миний бие МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож ажиллах болсондоо баяртай байна.
Удирдах зөвлөлийн гишүүнд багтаж ажиллана гэдэг бол өндөр хариуцлага гэж ойлгож байгаа. Итгэл хүлээлгэсэн намынхаа нөхдийнхөө итгэлийг алдахгүй улам их хичээж ажиллах ёстой хэмээн ойлгож байна. Энэ бол нэр хүндийн хэрэг. МАН-ын 30 дахь Их хурал МАН-ыг социал демократ нам гэдгийг баталгаажууллаа. Социал демократ намын үзэл бодлыг улам их тунхаглаж өглөө. Хоёрдугаарт, МАН-ын дарга, Ерөнхий сайд шинэ зорилтоо тодорхойлох намын 30 дугаар Их хурлын индэр дээрээс эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг сэргээх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцуулсан нь ихээхэн онцлог, ололттой байлаа. Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болсон зургаан асуудлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх гарц шийдлийг танилцууллаа. Энэ бол дараагийн 10 жилд бодит ажил хэрэг болж, эцэстээ бид эдийн засгийн ямар хөгжил, дэвшил, шинэчлэл бүхий Монгол Улсыг бий болгох талаар тодорхой луужин болох бодлого дэвшүүлсэн. Бид нийгмийн дундаж давхаргын иргэд давамгайлсан, иргэн бүр хүртэээмжтэй, чанартай боловсрол эзэмших боломж нөхцөлөөр хангагдсан, төрийн үйлчилгээг тэгш хүртэх, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг орон зайнаас үл хамаарч авдаг, байгалийн баялаг болон бусад эдийн засгийн баялгийг жигд хуваарилах ёстой гэх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр боллоо. Мөн авлига, ашиг сонирхлоос ангид төрийг бий болгоход МАН өөрөө манлайлах ёстой хэмээн үзэж, намынхаа дүрэмд өөрчлөлт орууллаа. Түүнчлэн өнөөдөр хүний эрхийн асуудал өндөр түвшинд яригдаж байна. Ялангуяа цахим хөгжилтэй холбоотойгоор хүний эрхийн зөрчлүүд нэлээд яригдаж байна. МАН-аас Монгол Улсын 11 мянган хуулийн заалтыг судалж үзэхэд, үүнээс 800 нь хүний эрхийг ямар нэгэн байдлаар зөрчсөн талаарх судалгааны дүн гарсан. Уг судалгааны дүгнэлтэд үндэслэн МАН хүний эрхийг зөрчсөн хууль заалт бүрд өөрчлөлт оруулж Монгол Улсыг Азийн анхны хүний эрхийн хуулиар баталгаажуулсан улс орон болгохын төлөө зорьж байна.Залуу хүний хувьд цаашид намын их хурлаас гаргасан бодлого, шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгоход гар бие оролцох болсондоо баяртай байна.
-Амлах, ажил хэрэг болгох хоёрын хооронд асар их ялгаа бий л дээ. Тэгэхээр бодит ажил хэрэг болгохын тулд юун дээр анхаарах ёстой юм бол?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөр 2050 он гэхэд Монгол Улс ямар хөгжил дэвшилтэй, ямар улс орон болсон байхыг зурагласан. Энэ алсын хараандаа хүрэхийн тулд ямар бодлого боловсруулж, УИХ, Засгийн газар юу хийх ёстойгоо намын их хурлаар илүү нарвийвчилсан. Иймээс ойрын 5-10 жилд хийх ажлын төлөвлөгөөгөө хуваарилсан. Тиймээс ойрын 10 жилд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө нь шинэ сэргэлтийн бодлогод түлхүү туссан гэж ойлгож болно. Монгол Улс газарзүйн хувьд далайд гарцгүй. Манай улс хуурай замын нийт 42 боомт, агаарын замын дөрвөн боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг.Гэсэн хэдий ч одоогийн байдлаар авто замаар долоо, төмөр замаар гурав, агаарын замын нэг боомт үйл ажиллагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаараа дэлхийн 160 орноос 130-д эрэмбэлэгдэж байна. Тиймээс Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арц суурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болох юм. Мөн хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны зам барихаас эхлүүлнэ гэдгээ намын их хурлын үеэр хэлсэн. Энэ бол бидний дэвшүүлсэн зорилт нэг бүр хий хоосон уриа лоозон төдий зүйл биш, харин хийж хэрэгжүүлэх бодит ажлын төлөвлөгөө гэдгийг харуулах ганцхан жишээ юм.
Бид улсынхаа эдийн засгийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмждэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхөөр аж ахуйн нэгжүүд орлого, иргэдийн цалин, улсын төсөв дагаад нэмэгдэнэ. Мөн уг өсөлтийг дагаад томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг улсаас хэрэгжүүлэх бололцоо нээгдэнэ. Тухайлбал, ганцхан боомтын сэргэлттэй холбоотойгоор ДНБ хэрхэн өсөх талаар тайлбарлая л даа. Боомтын хөрөнгө оруулалт хийснээр манай улсын экспорт нэмэгдэнэ. Мөн Таван толгойн нүүрс баяжуулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр барих, Эрдэнэтийн зэсийн агууламжийг 99.999 хувьд хүргэх гэх мэт аж үйлдвэрийн цогц паркуудыг байгуулснаар манай улсын нийт экспортын хэмжээ нэмэгдэнэ. Ийнхүү экспортын хэмжээ нэмэгдсэнээр ДНБ-ий хэмжээ нэмэгдэж, улсын төсөв дагаад өснө. Өөрөөр хэлбэл ДНБ, экспортын хэмжээ, улсын төсөв нэмэгдсэнээр иргэдийн орлого сайжирч, хэрэглээ нь нэмэгдэхийн сацуу хөрөнгө оруулалтууд дагаад өсөх юм. Мөн экспортын хэмжээ өсөхөд долларын ханш тогтворжино. Энэ мэтчилэн нийгэм, эдийн засгийн үзүүэлтүүд бүгд хоорондоо гинжин хамааралтай буюу томьёотой. Тиймээс дээр дурдсан Монгол Улсын хөгжилд саад болоод байгаа зургаан хязгаарлалт дээр томьёолсон ДНБ-ий хэмжээг богино хугацаанд хэрхэн нэмэгдүүлэх бодлогын томьёог бүдүүвчилсэн зураглал юм.
-Цар тахлын амаргүй цаг үед манай улс өнөөгийн нөөц бололцоондоо тулгуурлаад төсвөө бүрдүүлж байна. Харин бүрдүүлсэн жаахан нөөцөө хэрхэн зөв зарцуулах, хуваарилах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах ёстой гэж харж байна?
-Ирэх жилийн төсөв буюу 2022 оны улсын төсвийн тухайд анх удаа хамгийн өндөр буюу 18 их наядын төсөв баталагдсан. Ирэх жилийн төсөвтэй холбоотой хэд хэдэн зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна.Нэгдүгээрт, зам тээвэр, дэд бүтцэд зориулах төсөв энэ онтой харьцуулахад 7.5дахин нэмэгдсэн. Ялангуяа хилийн боомтуудыг холбосон зам тавихтай холбоотойгоор төсөв ийнхүү нэмэгдсэн. Хоёрдугаарт, эрчим хүчний төсөв 6.4 дахин өссөн байна. Энэ бол мөн л МАН-ын их хурлаас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн зургаан бодлогын нэг болох эрчим хүчний хараат бус байдлыг бий болгож, эрчим хүчний сэргэлт авч ирэхийн тулд хийж байгаа томоохон алхам. Эрчим хүчний бие даасан байдал бол эдийн засгийн тусгаар тогтнолын бас нэгэн тулгуур багана. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээгээ бусдаас хараат бусаар хангахын тулд дулаан, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Тиймээс бид аль болох эрчим хүч, дэд бүтцийнхээ салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийснээр улсынхаа эдийн засгийн хараат бус байдалд хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Хоёрдугаарт, дэд бүтцэд хөрөнгө оруулах нь 1.5 дахин эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн судалгаа бий. Сүүлийн 25 жилийн дотор дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаар хөгжсөн орнуудад хийгдсэн 200 гаруй судалгаанд дурдагдсанаар нэг доллараар хөрөнгө оруулалт хийсэн бол эргээд 1.5 доллар болж эдийн засгийн үр нөлөө үзүүлдэг гэдгийг дурдсан байдаг. Энэ үзүүлэлт хөгжиж байгаа орны хувьд энэ тоо бүр ч өндөр байдаг. Мөн ирэх жилийн төсөв дээр Боловсролын зээлийн санд төвлөрүүлсэн мөнгө 47 хувиар нэмэгдэж 79 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг би зөв зүйл хэмээн бодож байгаа. Бид БНХАУ шиг тэрбум давсан, ОХУ шиг 140 сая гаруй хүн амтай биш учраас дэлхийд боловсролоороо л өрсөлдөнө. Нэг монгол хүнээс гарах эдийн засгийн бүтээмж хөгжилтэй орны 5-10 хүнд хүрч байж сая дэлхийд өрсөлдөх хэмжээний иргэнийг бий болгоно.
-Төсвийн хэмжээ өссөн ч дагаад алдагдал нэмэгдэж байна. Орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж төсвийн алдагдал хүлээх нь эдийн засагт хор хөнөөлтэй биш үү?
-Ирэх жилийн төсвийг энэ жилийнхтэй харьцуулбал 15 хувиар өссөн. Харин төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх хэмжээтэй баталсан нь үнэн. Гэхдээ энэ үзүүлэлт тийм муу зүйл биш. Дэлхийн нийт улс орнуудын төсвийн алдагдлын дундаж 5.2 хувьтай байгаа. Тэр дундаа Ази тивийн улс орнуудын төсвийн алдагдлын дундаж долоон хувьтай байна. Үүнээс харахад манай улсын төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьд хүрсэн нь таацандаа тулчихсан зүйлгүй. Төсвийн алдагдалтай холбоотой Засгийн газрын өрийн асуудал яригддаг. Манай улсын нийт өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулбал, 67 хувьд хүрсэн. Тэгвэл дэлхийн улс орнуудын дундаж 97.8 хувь, Ази тивийнх 72.4хувийн өртэй байна. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад манай улс дэлхийн улс орнуудын дундаж хэмжээнд байна.Тиймээс бид цаашид эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд боомтын нэвтрүүлэх чадвар, дэд бүтэцдээ анхаарах ёстой учраас төсөвт дээр дурдсан боомт, эрчим хүчний хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэхээр тусгасан.
-МАН-аас авлигатай эрчимтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Авлигын асуудлаар таны байр суурь юу вэ. Залуу хүний хувьд авлигын эсрэг ямар манлайлал үзүүлэх ёстой гэж боддог вэ?
Авлига хээл хаахуул бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг гацаагч томоохон хүчин зүйл. Манай улсад нэгнийхээ гарыг цайлгах нэрийдлээр бүхий л шатанд авлигын асуудал ил, далд хэлбэрээр оршиж байна. Хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд бизнес эрхлэх зөвшөөрөл авах гэхээр шат шатандаа гарын үсгээрээ боодог хаадаг, шантаажилдаг байдал их байна. “Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ" гэдэг зүйр цэцэн үг орчин үед танил тал ихтэй хүн бусдын боломжийг хулгайлахын нэр болтлоо өөрчлөгдсөн байна. Танил талтай хүний ажил бүтэж, амьдрал нь дээшилдэг бус нийтээрээ, нийгмээрээ ижил боломж хүртдэг нийгмийг бий болгоход залуучууд бидний оролцоо чухал. Бид үүнийг өөрсдөөсөө эхлүүлэх ёстой. Өөрөөрөө үлгэрлэх ёстой. Эрүүл, ил тод байдлыг бий болгохын тулд МАН-ынхан манлайлан ажиллах талаар дүрмэндээ зааж өглөө. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бүх шатны гишүүдийг намаасаа хөөж, намын гишүүнчлэлээс гарсанд тооцохоор дүрмэндээ тусгасан. Миний хувьд энэ шийдвэрийг ихэд дэмжиж байгаа.
Өнөөдөр манай улс авлигын индексээрээ дэлхийн 200 гаруй улсаас 111 дүгээр байранд жагссан. Үүнээс харахад манай улсад авлига ямар түвшинд байгаа нь тодорхой харагдаж байгаа байх. Тиймээс төрийн хүнд суртал, албан хаагчдын авлига хээл хахуулийг таслан зогсоохын тулд цахим шилжилтийг бүх шатанд нэвтрүүлэх, хуульд заасан шалгуур нөхцөлийг хангасан бол хэн нэгнээс хамааралгүйгээр цахимаар зөвшөөрлийг нь олгодог болох ёстой. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй авлига, албан тушаалын хэргийн эсрэг залуучууд бид түүчээлж, хүн бүр оролцох ёстой.
-УИХ-ын отгон гишүүний хувьд Монгол төрийн алдаа завхрал нь хаана байна гэж бодож байна?
-Бодлогын алдаа хаана гараад байгаа талаар ярихад хэд хэдэн зүйл байна. Бодлогын алдаа гарсан гэж хэлэхээс илүүтэй төрөөс гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд алдаа завхрал их гардаг гэж боддог. Монгол төрийн түшээгээр ажилладаг хэн бүхэн л иргэдийнхээ аж амьдалыг сайжруулах, улс орныхоо нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө л хичээн ажилладаг. Өнгөрсөн хугацаанд төрийн бодлого хөрсөн дээрээ бууж, үр дүн нь гардаггүй байсан нь төрийн тогтворгүй байдалтай шууд хамааралтай.
Үе үеийн Засгийн газрын тэргүүнүүд мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхээр ажиллаж, учраа олох гэж ядаж байтал огцорчихдог. Ингээд дараагийн Засгийн газар нь гарч ирээд өмнөх Засгийн газрын ажлыг үгүйсгэдэг, дахин бодлого боловсруулдаг. Ийм л замналаар монгол төрийн залгамж халаа явсаар ирлээ. Ардчилсан нийгмэд шилжсэнээс хойш хоёр л Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлсэн. Нэг нь П.Жасрай гуайн Засгийн газар, нөгөө нь манай аавын тэргүүлж байсан Засгийн газар байдаг. Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулснаар ямар их ажил хийж болдог гэдгийг 2000-2004 онд бид бүгдээрээ харсан. Мянганы замыг эхлүүллээ, их өрийг тэглэсэн, энхийг сахиулагчдаа гадагшаа явуулдаг болсноор Мянганы сорилтын сангаас мөнгө хүртэх боломжтой болсон.
-Угтаа бид тогтвортой Засгийн газрыг бий болгохын тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж Засгийн газрын дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй байж болох талаар хуульчилсан. Гэтэл дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж давхар дээлтэй гишүүдийн тоог нэмэх асуудал чих дэлсэх боллоо. Энэ талаар ямар бодолтой байна?
-Яг үнэн. Таны хэлдгээр Засгийн газрыг тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байлгахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үр дүн нь ямар байхыг харах л үлдлээ. Хоёрдугаарт, Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар яригдсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Надад энэ талаар албан ёсны мэдээлэл алга.
-Засгийн газар тогтвортой байх асуудал Засгийн газрын гишүүдийн мэдлэг,ур чадвартай шууд холбоотой. Энэ удаагийн Засгийн газар ихэвчлэн залуу сайд, гишүүдээс бүрдэж байна. Үеийн залуучуудынхаа мэдлэг, ур чадварт хэр итгэлтэй байна?
-Засгийн газрын гишүүдийнхээ мэдлэг, ур чадварт итгэлтэй байгаа. Үе үеийн Засгийн газруудаас энэ удаагийн Засгийн газар шиг харьцангуй залуу гишүүдээр танхимаа бүрдүүлсэн нь ховор байсан болов уу.Тийм учраас улс орныг залж, чиглүүлэх залуучууддаа үл итгэх, тэднийг шүүмжлэх, эсэргүүцэх үйлдэл мэр сэр гарч байгааг үгүйсгэхгүй. Гэсэн ч залуучууд иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэдэгт итгэл дүүрэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбар, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, ажил мэргэжлээрээ манлайлсан, туршлагатай залуучуудаар багаа бүрдүүлсэн. Залуучууд ахмад үеийнхнийхээ үгийг сонсож, алдаа оноогоо дэнслээд явахад аливаа улсын нийгэм, эдийн засгийг зоригтойгоор манайлж, өөрчлөлт авч ирдэг гэдэгт итгэдэг. Тийм учраас Засгийн газрын гишүүд залуухан байх нь сул биш давуу тал гэж хардаг.
-Анх удаа төрийн эрх барих дээд байгууллагын гишүүнээр сонгогдсон. Гишүүн болсон анхны сэтгэгдэл хэр байна?
-Үндсэндээ УИХ-ын гишүүн болоод сар гаруй хугацаа болж байна. УИХ-ын гишүүн ард түмний илч байна хэмээн тангарга өргөдөг.Энэ тангарагтаа үнэнч байх ёстой гэж боддог. Хоёрдугаарт, надад итгэл хүлээлгэж санал өгсөн сонгогчдынхоо итгэлийг алдахгүй байх, надад эргэлзэж саналаа өгөөгүй сонгогчдынхоо эргэлзээг тайлж төрийн сайн түшээ байхыг хичээж байна. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн салбар бүрийн мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой. Тийм учраас тасралтгүй унших, судлах, боловсруулах ажилдаа анхаарч байна. Өмнө нь би сард нэг ном уншдаг байсан бол, одоо долоо хоногт тодорхой сэдвээр нэг ном уншиж байна. Өмнө нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа банк, санхүү, эдийн засгийн салбарын мэдээ, мэдээлэлээ л уншдаг судалдаг байсан бол УИХ-ын гишүүн болсноор том зургаараа бүх салбарын хуулийг хэлэлцэж байгаа учраас хууль батлахаасаа өмнө тухайн хуулийг богино хугацаанд салбарынх нь мэргэжилтнүүдээс ч илүү ойлгох шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, хууль батлах эрх бүхий хүний амнаас гарч байгаа үг, үйлдэл болгон нь хариуцлага нэхдэг. Тиймээс хэдийгээр би шинэ залуу гишүүн ч гэлээ үг,үйлдэл бүрээ хариуцлгатай, ёс зүйтэй байлгахыг эрмэлзэж байна.
-Таныг УИХ-ын гишүүн Э.Батшугар гэж харахаас илүүтэй, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэж харах иргэд олон байна. Хэдийгээр та Н.Энхбаяр гуайн хүүхэд гэдэг нь үнэн боловч өөрийн гэсэн үзэл бодолтой иргэн хүн биз дээ?
-Монголчууд эрт дээр үеэс аливаа хүнийг удам угсаагаар нь шинжиж ирсэн уламжлалтай. Нэгэнт би Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг хашиж байсан Н.Энхбаяр гэж хүний хүүхэд учраас тэр хүнээр намайг төсөөлж байгааг буруутгах аргагүй. Энэ ганцхан манай улсад ч тохиолддог үзэгдэл биш. Дэлхийн томоохон гүрний удирдагчдын хүүхдүүд ч олны анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн. Хүссэн ч, эс хүссэн ч аав бид хоёрын алдаа, оноо хэн хэндээ хамааралтай байсаар л байх болно. Энэ бол ертөнцийн жам. Гэвч нөгөө талаас би өөрийн гэсэн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлтэй бие даасан иргэн.Би бусдын адил өөрийнхөөрөө л өөрийн амьдралын түүхийг бүтээж яваа.
Амьдралдаа чухал шийдвэр гаргахаасаа өмнө аав, ээжтэйгээ зөвлөлдөх, ярилцах тохиолдол байдаг. Хүн бүр л ийм байдаг болов уу гэж бодож байна. Түүнээс алхам тутмаа аав, ээжээсээ асуугаад байх, эсвэл аав, ээж минь надад ямар нэгэн байдлаар үзэл бодлоо тулгаад байдаггүй. Манай гэр бүл ардчилсан үзэлтэй. Би ахлах сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болохоо өөрөө шийдсэн. Их, дээд сургуулиа төгсөөд хаана ажиллах, ямар чиглэлээр ажиллахаа ч өөрөө шийдсэн. Үнэхээр буруу зүйл хийсэн бол ээж, ааваасаа зэмлэл хүртэх тохиолдол бий. Буруу зүйл хийсэн хүүхдээ зэмлэх, залуурдах нь ямар ч эцэг эхийн жам ёсны үүрэг байх. Би ч бас охиноо буруу зүйл хийх үед нь зэмлэх тохиолдол байдаг.
-Таны аав яах аргагүй Монгол Улсын туршлагатай, нөлөө бүхий улстөрч. Тийм болохоор улстөрчийнхөө гарааг эхлүүлж байгаа хүүдээ ямар зөвлөгөө өгдөг нь сонирхолтой санагдаж байна?
-Би үргэлж ааваараа бахархдаг. Миний аав“Улстөрч хүн өөрийнхөө эрх ашгаас улс орон, ард түмнийхээ эрх ашгийг тавьж чалдаг хүний л хэлдэг юм шүү” гэдгийг байнга хэлж, захидаг. Тийм болохоор нэгэнт төрийн түшээ болсон хүн ядарч байна, завгүй байна, ачаалалтай байна гэж дуугарах эрхгүй. Улстөрч хүн өөрийнхөө эрх ашгийг золиосолж, үр дүнд нь Монгол Улс, ард иргэд хождог байх ёстой. Эцэст нь улстөрч хүн хэд хэдэн зарчим баримталдаг байх ёстой гэж боддог. Нэгдүгээрт, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө, гадаад харилцаагаа сайжруулахын төлөө, эдийн засгийн тусгаар тогтнолоо сайжруулж, нийт иргэдээ ажилтай, орлоготой, амар тайван амьдруулахын төлөө ухаанаа уралдуулах ёстой.
-Та таашдын карьераа хэрхэн төсөөлдөг вэ?
-Ямартаа ч энэ удаагийн УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд өөрийгөө хэн болохыг нийт сонгогчиддоо таниулах, харуулахыг зорьж байна. Би өөрийнхөө карьерийг төлөвлөхөөс илүүтэй иргэд намайг цаашид ямар улстөрч болохыг дүгнэх байх. Тийм учраас өөрт оногдсон ажлаа улам хичээж хийх болно. Надад өөрийгөө таниулах, мэдрүүлэх, ойлгуулах хугацаа бага байна. Үндсэндээ хоёр жил үлдлээ. Миний сонгогдсон тойргийн тухайд тулгамдсан асуудал олон бий. Шийдэх ёстой, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын жагсаалт ар араасаа хөвөрч байна. Асуудлыг өнгөн талаас нь шийдэх биш, үндэс сууриар нь шийдэх, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага их байна. Энэ хугацаанд зөвхөн тойргийн иргэдийн өмнө тулгамдсан асуудалд анхаарал хандуулахаас гадна нийт иргэдийнхээ амьдралд хувь нэмэр оруулсан, улс орныхоо нийгэм, эдийн засагт өөрчлөлт авчирсан олон хууль санаачилж ажиллахыг зорьж байна. Эцэст нь намайг хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлснийг хийсэн ажил, хэлсэн үгээр минь иргэд сонгогчид дүгнэх байх. Надад бодсон, санасан зүйл олон байна, Хийж бүтээх ажил ч их байна. Надад итгэсэн иргэдийнхээ итгэлийг үйлдлээрээ, ажлын дүнгээрээ харуулах нь чухал гэж харж байна.