Монголын олон мянган хүүхэд залуусыг хөлбөмбөг хэмээх хүн төрөлхтний агуу спортод дурлуулж, цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан Монголын алдарт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсчээ.
"Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?", "Хөл бөмбөгийн бурхан тэнгэр ивээг" гэхчлэн өвөрмөц хэв маяг, яриагаараа олны танил болсон тэрээр хөл бөмбөгийг зүгээр ч нэг тайлбарладаггүй үүх түүхтэй нь ярьдаг байсан юм.
“Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн, сэлэхийг нь биш орилохыг нь сурсан Э.Балжинням” хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрээр “Советский спорт” сонины ачаар хөлбөмбөгтэй танилцаж, улмаар хоббигоо ажил болгон TV9, ETV, SPS зэрэг телевизүүдэд ажиллаж байв.
"Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвж
Эртэй, бяртай бөхчүүдтэй мөр зэрэгцэж яваагүй ч
Үе тэнгийн нөхөдтэйгөө шороон талбайд тоглож
Өвдөг, тохой хоёроо шалбалж явсан удаатай
Би хөлбөмбөгийн фанат аа”
“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ” хэмээн олон сайхан тоглолтуудыг өөрийн эшлэлүүдээрээ эхлүүлж, олон гайхамшигт тоглолтуудыг тайлбарлаж явсан түүнийг Монголын ард түмэн үүрд санан дурсах болно.
Гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.