ERGELT.mn
Нэгэн цагт үе Ардчилсан намын төлөө амиа өгөхөөс ч буцахгүйгээр тэмцэж явсан гишүүд. Ардчилалын үнэт зүйлийн төлөө хашхирч, хоолойныхоо чадлыг үзэж явсан “тэмцэгчид”. Ардчиллаас өөр нам байхгүй мэт дүүлж явсан “хараацай”-нууд. Нэг л өдөр хамгийн үнэт зүйлээсээ урвасан “урвагч”-д. Нэг л өглөө зэргэлдээх “ах” намын төлөө тэмцэхээр ниссэн “ангаахай”-нууд. Угтаа бол тэд хэдхэн жилийн өмнө цэнхэр батлах цээжиндээ тэврээд, Ардчиллыг хүчтэй байхад Ардчиллын төлөө зүтгэж явлаа. Ардчиллаас салж, анхны “амьдрал”-аасаа урваж, МАН-ыг сонгосон гишүүдийг цувралаар танилцуулж байна.
АН-ААС ХОЁР УДАА УРВАСАН УИХ-ЫН ГИШҮҮН ХАССУУРИЙН ГАНХУЯГ
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Ардчилсан намыг ид хүчтэй байх үед буюу 2011 онд намын гишүүн болж, цэнхэртэж байлаа. Тэр гишүүн болсныхоо дараа 2012 оны сонгуульд хүч үзэх бэлтгэлээ хангаж, тойрог авах гээд чадаагүй гэдэг. Түүний “гоморхол” сонгуульд нэр дэвших “санаархал” нь 2015 онд ХҮН рүү явах шалтгаан болсон тухай бор шувуунууд жиргэдэг юм билээ. Тэр Ардчиллын төлөө дөрвөн жил зүтгээд ХҮН-д элссэн. ХҮН-д нэг жил зүтгээд бие даан нэр дэвшигч буюу харьяалагдах намгүй болсон. 2016 оны сонгуулиар тэр бие даан нэр дэвшиж, Ардчиллын төлөө хамт зүтгэж байсан хамтрагч нараа амлаж, сонгуульд өрсөлдөж байлаа. Дараа нь 2017 оны эхээр Ардчилсан намын гишүүнчлэлийн эрхээ сэргээж, Үндэсний Бодлогын хорооны гишүүнд нэр дэвшсэн ч ялагдаж, дахин АН-аас урваж, МАН-д элссэн ч гэх юм билээ. Одоогийн байдлаар тэр МАН-д дөрвөн жил хүчин зүтгэж, нэг намын төлөө тэмцэх, зүтгэх хугацаагаа хэдэн сараар давуулан биелүүлээд байна. Түүний стиллээр бол түүний нэг намд байх, зүтгэх дөрвөн жилийн хугацаа 2021 оны тавдугаар сард дуусгавар болсон байх ёстой.
Улс төрийн амьдралынхаа эхлэлийг тавьж, суурийг цутгаж, цугтаа хөгжихөөр мөр зэрэгцэн алхаж явсан алтан “хараацай”-нуудаа орхиод явсан “урвагч” гишүүдийн нэг нь тэр. Урвах урвахдаа Ардчиллаас хоёр удаа, ХҮН-аас нэг удаа, өөрөөсөө тэр олон удаа урваж, МАН-д элссэн юм. Угтаа тэр хэдхэн жилийн өмнө л “Өнгөрсөн 27, 28 жилийн минь алдаа дутагдал бүхэн минь МАН-АН дэглэмтэй шууд холбоотой” хэмээн хурцхан шиг шүүмжилдэг залуу үе байлаа. Харамсалтай нь нэг урвасан хүн дахиад урвадаг гэдгийг тэр баталж, ХҮН-д зүтгэж, бие дааж, Ардчиллын төлөө гэж явсаар тэр эцэст нь МАН-ын “хөнжил”-д зөөлөн шигдсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг МАН-д 2017 оны тавдугаар сард элсэж, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас гишүүний үнэмлэхээ гардаж, тэдний баг, МАН-ын төлөө “үхэх” хүртлээ зүтгэхээр тушаал авсан. Х.Ганхуяг АН-аас гарсан шалтгаанаа тайлбарлахдаа “Ардчилсан намын удирдлага залуусаа дэмждэггүй юм билээ. Тэнд бие даасан бодолтой, ямар нэгэн фракцад ороогүй залуу хүн манлайлал үзүүлэх ямар ч боломжгүй, хаалттай орчин. Хөгшчүүл нь өмчлөөд суучихсан” гэсэн байдаг. Харин МАН-д элссэн тухай хэлэхдээ “МАН-ын залуус “Хамтдаа зүтгэе, намаа ч, нийгмээ ч шинэчилье. Чи баялаг бүтээгчдийн төлөөлөл болж оролц” гэж ятгасан учраас МАН-ын Бага хуралд өрсөлдөж сонгогдсон” гэдэг.
ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭХЭЭР МАН-Д ЭЛССЭН АРДЧИЛЛЫН ГИШҮҮН ЭДИЙН ЗАСАГЧ Л.НАРАНБААТАР
Ардчилсан намаас гарч, МАН-д албан ёсоор элссэн дараагийн хүн бол эдийн засагч Л.Наранбаатар. Тэрбээр улс төрийн замналаа Ардчилсан намаас эхэлж, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга хүртлээ ажиллаж явсан нэгэн. Харин 2020 оны есдүгээр сард МАН-д элсэж, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс намын гишүүнчлэлийн үнэмлэхээ гардаж авсан. Цэнхэр үнэмлэхний төлөө дуугарч, тэмцэж явсан тэрбээр улаан үнэмлэх халаасалж, сонгуульд хоёр ч удаа нэр дэвших оролдлого хийгээд бүтэлгүйдсэн юм. Учир нь түүнийг хоёр ч намаас нэр дэвшихэд нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан байдаг.
Тэрбээр АН-аас гарч, энэ цаг үед хүчтэй байгаа МАН-ыг сонгосон талаараа хэлэхдээ “Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнээ" гэсэн юм.
АН-аас урваж, МАН-ыг сонгосон гишүүд зөвхөн энэ хоёроор зогсохгүй. МАН-д албан ёсоор элсээгүй ч үнэт зүйлээсээ татгалзаж, МАН-ын арын албанд зүтгэж байгаа АН-ын анхдагч гишүүн олон бий.