Хятад хилээ нээхгүй бол Монголчууд олимпод нь оролцохгүй байхыг уриалж байна
ӨДРИЙН СОНИН
Хятад улс хилээ хаагаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Нийт хэрэглээнийхээ 70, магадгүй түүнээс ч илүү хувийг импортоор хангадаг монголчуудын хувьд Эрээний хил хаагдана гэдэг жир хэрэг биш. Инфляци нь цойлж, иргэдийнх нь халаасан дахь хэдэн бор төгрөгийн ханш өдөр ирэх бүр унасаар байна гэдэг тусгаар тогтносон улсын хувьд маш том эрсдэл. Шуудхан хэлэхэд, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хэмжээний уршигтай явдал. Урд хөрш хилээ хаасан шийдвэрээ ирэх оны хоёрдугаар сард болох олимпоо дуустал цуцлахгүй гэсэн мэдээлэл цацагдсаар удаж байна. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал, цагийн өнгө аясыг анзаарах нь ээ энэ мэдээлэл бараг л үнэн болоод явчихлаа.
Замын-Үүдээр бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт нэвтэрч эхэллээ гэсэн мэдээлэл саявтар цацагдаж олон хүний горьдлого тээсэн харц Эрээн рүү чиглэж байв. Гэтэл ачир дээрээ боомт дээр гацсан зуухан машиныг өдөрт тав, зургаахнаар нь нэвтрүүлье гэсэн шийдвэр байсныг олонх анзаараагүй. Энэ маягаар өдөрт хэдхэн машин нэвтрүүлээд явлаа гэж төсөөлөхөд ирэх оны нэгдүгээр сарын сүүл болчих юм билээ. Дахиад хэдхэн өдөр элдэв шалтгаан хэлээд хилээ хаахад л урд хөршид болох олимп дуусчихна.
Олимпийн өмнө олон улсад ковидын элдэв эрсдэлгүйгээ батлан харуулах нь Хятад улсын номер нэг зорилго байж болно. Гэхдээ мөнхийн хөршдөө хандах хандлага нь энэ зорилгоос нь гадуур, эрхэмлэж чухалчилам харилцаа байж болмоор түмэн шалтгаан бий. Харамсалтай нь БНХАУ хөрш орондоо яг жинхэнэдээ яаж ханддагийг харуулсан хатуухан өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын импортын гол суваг хаагдчихсан энэ өдрүүдэд хувийн хэвшлийнхэн, жирийн иргэд бултаараа хэцүүхэн аж төрж яваа нь бодитой гашуун үнэн. Барааны хомсдол, тээвэрлэлтийн өндөр зардал нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүй байдал руу хувийн хэвшлийнхнийг шахаж байна. Өдрөөс өдөрт өсч буй өргөн хэрэглээний барааны үнэд сард олдог хэд нь гологдож, чамлагдсаар байгаа жирийн иргэдийн ачаа улам хүндэрсээр байна. Товчхондоо Эрээн хаагдсанаас хойш улсаараа хэцүүхэн орчинд аж төрсөөр багагүй хугацаа өнгөрчихлөө. Ийм тохиолдолд Монгол Улсын тамирчид урд хөршид болж буй олимпод оролцох нь үндэстнээ үгүйсгэж байгаагаас ялгаагүй хэрэг болно.
Шуудхад хэлэхэд, БНХАУ-д болох олимпод тамирчдаа оруулахгүй байя. Монгол Улс НҮБ-д бүртгэлтэй, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улсын хувьд “Бид тамирчдаа Хятадад болох олимпод оролцуулахгүй. Учир нь тэд хөрш улсын найрсаг харилцаагаа умартсан шийдвэрийг гаргаад удаж байна. Бид өнгөрсөн хугацаанд хөрш улсын найрсаг харилцааг эрхэмлэсээр өнөөг хүрсэн. Учир иймээс бид Хятад улсад зохион байгуулах олимпод тамирчдаа оролцуулахгүйгээ мэдэгдэж байна” гэчихэд л Азийн Монголыг дэлхий сонсоно.
Манай улсын хувьд үндэстнийх нь хэрэглээний ихэнх, бүр тодруулж хэлбэл дал хол давсан хувь нь Хятадын хилээр орж ирэх ачаа, тээврээс хамаардаг. Ийм өндөр хамааралтай улсад импортын хориг тавьсан орныг дэлхий гоёор харахгүй. Тэр дундаа бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улс ийм утгатай мэдэгдэл гаргавал өрнийн удирдагчид чихнийхээ хажуугаар өнгөрөөхгүй.
Манай улс өнгөрсөн жилүүдэд хөрш хоёр гүрэндээ элэгсэг, найрсаг бодлогоор хандсаар ирсэн түүхтэй. Хөршдөө хэр найрсаг, ямар элэгсэг хандаж байсныг өнгөрсөн түүхээ сөхөөд харчихаж болно. Ердөө саяхан, ковид эхэлж байх үед гэхэд л манай улсын Ерөнхийлөгч урд хөршдөө айлчлахдаа “Та бүхэндээ ийм хэцүү цагт гучин мянган хонь өгье” гэж амлаж байлаа. Дэлхий даяараа “Энэ муухай вирусийг дэлхийд халдаачихлаа” гэж Хятад улсыг адлангуй харж, цэрвэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн түрүүнд айлчилж гучин мянган хонь бэлэглэхээ амлаж байсан нь булзах аргагүй түүхэн үнэн. Тухайн үеийн хэвлэлийн мэдээг сөхөж харъя. “БНХАУ-ын Дарга Си Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалыг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг эш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэу даагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ. Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов” гэсэн үг, өгүүлбэр шарлаж амжаагүй хэвлэлийн хуудсанд дурайж байна.
Ердөө саяхан ингэж хэлсэн урд хөршийн дарга өнөө биднийг хилээ хаах шийдвэрээр дарамталж сууна. Хятадад болох олимпод өрнийнхөн таатай хандахгүй байгаа. Наад захын жишээ гэхэд л Уйгурт хүний эрхийг зөрчсөөр яваад нь дургүйлхэж дипломат бойкот хийхээ илэрхийлчихсэн. “Танайд болох олимпод манай тамирчид оролцоно. Гэхдээ бид очихгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд буй. Бид очихгүй гэдэг нь тэргүүлэх гүрний удирдагчид урд хөршид болж буй олимпод ач холбогдол өгч оролцохгүй гэсэн үг. Тэгвэл бид урд хөршид болох олимпод дарга, удирдлагын түвшинд оролцохгүй байхаас гадна тамирчдаа ч оролцуулахгүй байя. Ингэж дипломат бойкот хийх том шалтгаан бэлхнээ байна.