С.Ганбаатар: Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх бидний тэмцэл үргэлжлэх болно
УИХ-ын гишүүн С.Ганбаатар цахим хуудастаа ийн бичжээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газарт Рио Тинто группийн Ерөнхий захирал Якоб Стаусхолмоос Оюутолгойн хэлэлцээрийг шийдэх таван санал тавьж захидал илгээлээ.
- Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх. Өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34% эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
- ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;
- Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
- Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
- Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу Оюу Толгой ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах;
- Төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн саналыг тавилаа.
Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх бидний тэмцэл үргэлжлэх болно” хэмээжээ.