Л.Оюун-Эрдэнэ: 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна
УИХ-ын 92 дугаар тогтоол гарч Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг, УИХ-аас түр хороо байгуулагдаж, “Оюу толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай ажлын байгуулагдаад жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдын нэр дээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх удирдлагаас албан бичиг ирсэн. Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, 2015 онд байгуулагдсан Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн талд үүссэн өмнөх өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү нээлттэй ил тод болгох талаар санал солилцсон. Ингээд саналын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсаны үндсэн дээр дараах таван арга хэмжээ авч байна гэсэн захидал ирүүллээ.
Нэгдүгээрт, “Оюу толгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь Эрдэнэс Оюу толгой компанийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэнийг нэмж ногдол ашиг наашилна. Үндсэндээ 34 хувийг Монгол ард түмэн үнэгүй авч байгаа гэсэн нэгдүгээр бүлэг байгаа.
Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт төлөвлөгөө буюу Оюу Толгой далд уурхайн санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрүүдэд цуцлаж, дуусгавар болгож байна гэсэн бичиг байна.
Гуравдугаарт, “Оюу Толгой” далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилт буюу өмнө нь зарцуулагдсан дүн Засгийн газар өөрөө хөндлөнгийн аудит оруулах, хөндлөнгийн аудитын дүгнэлтэн дээр үндэслээд хэрэв зөрүү болон Монголын газар нутаг дээр зарцуулаагүй нөхцөл байдал үүсвэл бид хариуцаж төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Дөрөвдүгээрт, гүний уурхай ашиглалтад ороогүй удсан. 2023 оны нэгдүгээр хагас буюу дөрвөөс тавдугаар сард ашиглалтад оруулахаар тооцож байгаад, энэ хүртэлх цаашид гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна гэсэн агуулгатай бичиг. Мөн Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчинтой холбоотой хамтран ажиллах таван санал дурдагдсан.