ERGELT.mn
"Монголын төр бөхөөр дүүрлээ..." гэцгээдэг, үнэн л дээ. Бөх Ерөнхийлөгчтэй байлаа, одоо Хотын дарга бөх, Төрийн ордонд бөх түшээд хэд хэд байна, аймаг, сумын засаг ноёд дунд ч олон бөх бий. Тэгвэл бөхчүүдээс дутахгүй олноороо төрд орсон салбарынхан гэвэл сэтгүүлчид байна. Бүр бөхчүүдийг бодвол илүү олон, тэгээд илүү өндөр албан тушаалд очицгоосон байна. Бодоод үзье, сэтгүүлзүйн салбараас лавтай 15 төрийн түшээ “төрж”, тэднээс хоёр нь Ерөнхийлөгч, хоёр нь Ерөнхий сайд, тав нь салбарын сайд болтлоо дэвшжээ.
Гэхдээ тэдний зарим нь номыг нь үзсэн сэтгүүлч биш боловч сэтгүүлзүйн салбараас ажил, амьдралын гараагаа эхэлсэн байна. Жишээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, сонины сурвалжлагч хийж явсан бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр утга зохиолын ажилтан мэргэжилтэй ч хэвлэлийн салбарт редактор хийж явсан бөгөөд өдгөө нэг телевиз, нэг сонинтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч мэргэжилтэй бол Ерөнхий сайд асан С.Баяр хуульч мэргэжилтэй ч сонины сурвалжлагч, редактор, нэвтрүүлгийн хөтлөгч хийж явлаа.
Үүгээр “Сэтгүүлч хүн төр удирдаж болохгүй” гэж шүүмжлэх гээд байгаа юм биш л дээ. Бас зөвтгөх ч гэсэнгүй. Ерөөсөө саарал ордонд сэтгүүлч мэргэжилтэй улстөрчид олон болж байгааг сонирхуулж л байгаа юм. Даргын цүнх барьж, тахин шүтэж яваад төрд ордог нөхдийн дэргэд, зүлэг ногоон дэвжээнд хэдэн жил зодоглоод, хөлс нь хатаагүй шахам байхдаа захыг нь мушгисан дэмжигчдийнхээ буянаар, ногоон гэрлээр улс төрд ордог бөхчүүдийн дэргэд сэтгүүлч улстөрчид бол мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрлөж, өөрийгөө таниулж, тоогдож байж улс төрд орох замаа нээсэн болохоор нэг талаас шүүмжлэх, муутгах аргагүй л дээ. Гэхдээ “үнэний төлөө” гэх ганцхан зарчмаар үзэг бариад гүйж явсан атлаа төрд орсон хойноо энэ зарчмынхаа эсрэг зогсогч болчихвол харин шүүмжилж болно. Ц.Элбэгдорж, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг гээд сэтгүүлзүйн салбараас төрд гарчихаад үндсэн үнэн байх зарчмаа “гээчихсэн” нөхөд бий нь бий. Гэхдээ энд зөвхөн сэтгүүлч улстөрчдийг танилцуулах л гэснээс тараа таниулсан түүхүүдийг нь тоочих гэсэнгүй.
Гол нь сэтгүүлч улстөрчдөд эзэмшсэн мэргэжил нь улс төрийн карьераа өсгөхөд том давуу тал болдог юм байна. Сэтгүүлч гэхээр л хэн хүнгүй “хэл амтай, сэргэлэн нөхөр” гэж ойлгогддог нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч улс төрчид бусад мэргэжлийн улстөрчдөөс хэл ярианы хөгжил сайтай, уран цэцэн үгтэй, хувийн “Пи Ар” сайтай гэдгээрээ л ялгардаг юм байна. Энэ чадварууд нь бусдад өөрийгөө ойлгуулах, нийтэд манлайлагч мэт харагдах давуу байдлыг бий болгож өгдөг, нэг төрлийн зэвсэг нь ажээ.
Жишээ нь, Ц.Элбэгдоржийн “Монголоо зүүдэлж сэрлээ” гэх гуравхан үг нь л “тренд” болж байлаа шүү дээ. Бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Давс мэт шорвог шийдвэр” гэж эхэлдэг эшлэлүүд, МАН-ын даргаар батламжлагдахдаа хэлсэн “Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө өсөж, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр Улс төрийн ууган хүчний дарга боллоо” гэх толгой холбосон уярмаар өгүүлбэр зэрэг нь цөм мэргэжлийнх нь онцлог. Бас Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаас Байгаль орчны сайд руу төвөггүй “үсэрч” чадсан нь, аль ч салбарын хүнд бэрхийг ойлгоод “Саран ижий” болтлоо ажиллаж чадаад байгаа мэт харагддаг нь ч сэтгүүлч байсных нь уран чадвар. Муугаар хэлбэл, үйлдлээрээ нэг их гавихгүй ч үгээрээ бүхнийг чадаад байгаа мэт харагдах нь сэтгүүлч мэргэжилтэй нь холбоотой ажээ.
Тэгвэл саарал ордон заларч чадсан сэтгүүлч улстөрчдийг танилцуулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа, Ерөнхий сайдаар хоёр удаа, УИХ-ын дэд даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож ажилласан Ц.Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй. Цэрэгт байхдаа “Улаан од” сонинд шүлгүүдээ нийтлүүлж, тэр нь тухайн үеийн Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнуудын хараанд өртсөнөөр түүнийг хуучнаар ЗХУ-ын Львов хот дахь Цэрэг, Улс төрийн их сургуульд илгээсэн. Ингээд Ц.Элбэгдорж тус сургуулийг 1988 онд сэтгүүлч мэргэжлээр төгсөж, ирээд “Улаан од” сонинд сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. Улмаар ажил мэргэжлийн онцлогоор Залуучуудын эвлэлийн хурал, уулзалтуудад оролцох болж, улмаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэн нэгдэх болсноор Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг болсон түүхтэй. Тэр 1990 онд анхны бие даасан “Ардчилал” сонинг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байсан. Мөн 1995 онд Америк, Монголын хамтарсан “Ийгл” телевизийг үүсгэн байгуулалцаж байсан гэдэг.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр сэтгүүлч мэргэжлээр ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Тэрбээр 1983-1988 онд “Монцамэ” агентлагийн “Новости Монголий” сонины Гадаад мэдээний редакц, “Монгол пресс” агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч, “Залуучууд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Улмаар 1990 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж улс төрд хөл тавьсан.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Соёлын сайд гээд төрийн бүхий л өндөр албан тушаалын хашсан Н.Энхбаяр утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбартай садан төрлийн холбоотой мэргэжилтэй гэсэн үг. Тэрбээр Моксва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөж ирээд буюу 1980-1990 он хүртэл Монголын зохиолчдын холбоонд орчуулагч, редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн тэрбээр “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонины эзэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2002 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. МҮОНРТ-ийн Чандмань студид “Охид хөвгүүд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Мөн Бэрхийн телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан гэдэг. Тэр өөрөө “Багаасаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг, утга зохиол, нийгмийн хичээлдээ сайн байсан минь сэтгүүлч мэргэжил эзэмшихэд хүргэсэн. Зохиолч Дарамын Батбаяр багшийн шавь болсон нь миний амьдралдаа хийсэн чухал сонголтын нэг. Тэр хүнээс, тэр сургуулиас би гоо зүй гэх асар том ойлголтын авч, хожим нь алсын хараа номоо бичих түлхэц болсон. Миний мэргэжил сэтгүүлч” гэж нэгэн ярилцлагадаа хэлж байсан.
2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдсон, Гадаад хэргийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Н.Энхболд хэвлэлийн салбараас ажлын гараагаа эхэлсэн. Тухайлбал, 1979 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгсөж ирээд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажиллаж эхэлсэн. Мөн Улсын Хэвлэлийн комбинатын орлогч дарга, Монгол хэвлэл нэгтгэлийн Ерөнхий захирал, 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны даргаар ажиллаж байсан.
Эрүүл мэндийн сайд асан, БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сэтгүүлч мэргэжилтэй. 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зураг, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар МҮОНРТ-д сурвалжлагч, хариуцлагатай редактор, “ММ” агентлагийн захирал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга болж улс төрд хөл тавьсан. Сонгуулийн жилд МАН-ын хэвлэлийг “базаж” ажилласан тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүн болж, түүнээс хойш гурав дахь удаагаа сонгогдоод буй. Хүмүүсийн сайн мэдэхээр “ТВ-5” телевизийн “эзэн”.
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1992 онд хуучнаар ЗХУ-ын Санкт-Петербургийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Эх орондоо ирээд “МОНЦАМЭ” агентлаг, “Ил товчоо” сонинуудад хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж эхэлсэн. Үүний хажуугаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр нийтлэл бичиж хэвлүүлдэг байсан гэдэг. Л.Энх-Амгалан дунд ангид байхдаа “Эрх чөлөө” сонинд шүлэг бичиж илгээдэг байсан бөгөөд 1994 онд “Хөх зул” нэртэй шүлгийн ном гаргасан байдаг.
УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдож ажилласан, ЗГХЭГ-ын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшингийн ажлын гараа сэтгүүлзүйн салбартай холбоотой. Тэрбээр 1990-1995 онд “Ардын эрх” сонинд парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, 1996-1997 онд “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан 1998 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. “Ийгл” телевизэд сэтгүүлч, мэдээний албаны даргаас ажлын гараагаа эхэлж, МҮОНРТ-д сэтгүүлч, редактор, “Шинэ дэлхий” телевизийн мэдээний албаны дарга, гүйцэтгэх захирал, “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн тэргүүнээр ажиллаж байсан намтартай.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 1995 онд ОХУ-ын Ленинградын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Улмаар МҮОНРТ-д сэтгүүлч, редактор, тоймч, “ММ” агентлагийн ерөнхий редактор, захирлаар 2009 он хүртэл ажилласан. Ингээд 2009 онд ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч болж, улс төрд хөл тавьсан. Түүнийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын Хэвлэлийн албанд дуудаж авчирч оруулсан гэдэг. Улмаар 2013 онд МАН-ын нарийн бичгийн дарга болж, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Бэрс дээд сургуулийг төгсөж, 1992 онд МҮОНРТ-д туслах найруулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Хүүхэд, залуучуудын “Харц” нэвтрүүлгийг хөтөлж байсан нь түүний анхны эфир гэдэг. Улмаар 1996 оноос “Ийгл” телевизээр овоглох болж, дундуур нь “UBS” телевизэд мөн ажиллаж байсан. 2013 оноос “Бадарчийн Жаргалмаа” гэх өөрийн нэвтрүүлгээ гаргаж эхэлснээр олны танил болсон.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 1999 онд Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Мэргэжлээрээ гэвэл, 1995 онд МҮОНРТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редактор, 1997 онд Улсын дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч, 2004 онд “Ийгл” телевизийн борлуулалт, маркетингийн албаны даргаар ажиллаж байсан намтартай.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 1995 онд Улсын Багшийн Их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсмөгцөө “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаад, 1999 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга болсон. 2000 оноос “Нью майнд” ХХК-ийн хэвлэлийн ажилтан, гүйцэтгэх захирлаар ажилласан. Сэтгүүлчээс “Болор цом”-ын эзэн, яруу найрагч болсон тэрбээр 2009 онд Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал болж, улмаар 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Гэхдээ сэтгүүлч мэргэжлээрээ хоёрхон жил буюу 1994-1996 онд “Ник-Элч” сонин ерөнхий эрхлэгчээр ажилласан гэдэг.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга сэтгүүлч мэргэжилтэй. 1999 онд Дорно дахины дээд сургуулийн сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, “Ийгл” телевизэд сэтгүүлч, сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлсэн. Улмаар 2001 оноос Ардчилсан намын Олон нийттэй харилцах хэлтэс, 2004 оноос “Монгол таймс” сонины эрхлэгч, 2009 онд Улс төрийн сонины эрхлэгчээр ажиллаж байсан.
УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Т.Ганди сэтгүүлч мэргэжилтэй, МУИС-ийг төгссөн. Бүх цэргийн төв хэвлэл “Улаан од” сонинд утга зохиолын ажилтан, Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины коллегийн гишүүн, мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. Тэрбээр 1999 онд “Улс төрийн сэтгэлзүй, чөлөөт хэвлэлийн төлөвшлийн хандлага, харилцан хамаарлууд” сэдвээр улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.