БНСУ дахь элчин сайд Н.Эрдэнэтуяа, консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлага тооцон эгүүлэн татахаар болсон.
Тэднийг БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэргийг мэдээгүй болон бас бус шалтгаанаар хариуцлага тооцон эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гаригт хүргүүлжээ. Хэрвээ Ерөнхийлөгч уг саналыг дэмжвэл УИХ-д оруулах бөгөөд Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэр гаргах юм. Харин Консул Ц.Өнөрзаяаг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд эгүүлэн татна.
БНСУ дахь элчин сайд Н.Эрдэнэтуяаг өнгөрсөн оны тавдугаар сард томилж байжээ.