ERGELT.mn
Сүүлийн 50 жилд халхын шоронд мэргэ төлөг, хараал жатга хийдэг 10 гаруй хүн хоригдож байжээ. Тэдний дундаас “Хувилгаан” Дугарсэд, Хөвсгөлийн “Зайран” Дамдин, Цорж Жамсран, Сүрэнгийн Пүрэв-Очир нар хамгийн алдартай нь. Хэнтий аймгийн харьяат “Хувилгаан” Дугарсэд нь мэргэ төлөг, хараал жатга хийж хүмүүсийг мунхруулсан хэргээр 20 гаруй жил шоронд суугаад суллагдсан боловч өс хонзонтой хүнээ хутгалж алаад, дахин 10 жилийн ял авч эцэст нь Дарьтын колонид насан эцэслэжээ.
1950-иад оны үед Хэнтий нутагт нэгэн ид шидтэй хувилгаан тодорч, нутгийн олны шүтээн болсон нь Дугарсэд гэгч байжээ. Дугарсэд Онон голынхоо хөвөөнд ирж, үе үеийн залуусын бичигдээгүй хуулиар дарвиж цэнгэж явтал нэгэн өвгөн тааралдаж “Бурхны мэргэн шавь танд хичээгүйлэн айлтгая. Ганц охин минь хонь хариулж яваад чонотой тааралдаж, айж цочроод галзуурч жил илүү болж байна. Хот хүрээ орж эмч домч бүгдийг гүйцээсэн ч эдгэсэнгүй. Тэгээд таньтай уулзахаар ирлээ” гэхэд Дугарсэд гэрт нь очжээ. Гэрийн баруун хатавчинд үс гэзэг нь сэгсийсэн бүсгүй хүн хүлээстэй хэвтэж байв гэнэ. Дугарсэд хананд өлгөөтэй бууг авч сумлаад бүсгүй рүү шагайж “Эцэг эхээ зовоосон хаашаа янзын шулам бэ, чи” гэж чангаар хашгиран, тасхийтэл буудаж орхитол бүсгүй овсхийн цочиж, өвгөн эмгэн хоёр айж сандран сөхрөн унажээ. Дугарсэд доогтойхон инээгээд л гарч одов.
Түүнээс хойш бүсгүй эдгэрч, харин Дугарсэд нутгийн олондоо хувилгаан багш хэмээн алдаршжээ. Харамсалтай нь, байнга өргөл барьц авч, хүмүүсийг мунхруулсан хэргээр халхын шоронд дөрвөн удаа хоригдож, 20 гаруй жилийн ял эдлээд 1980 онд суллагджээ. Нутагтаа очоод хэдхэн сар болж байтал сумын заан цолтой нэгэн залуу хамт архи ууж суухдаа хоёр мөнгөн аяганых нь нэгийг хулгайлчихсан байна. Дугарсэд нэгэн өдөр түүнтэй тааралдаад гэртээ аваачиж дахин архиар дайлжээ. Нэлээд халсны эцэст мөнгөн аягаа гаргаж “Уг нь надад ийм аяга хоёр байсан юм. Ингээд чи хоёуланг нь ав. Ха ха ха” гэсээр араар нь тойрохдоо дарьганга хийцийн хэт хутга сугалж цээж рүү нь хүчтэй дүрж амийг нь бүрэлгэсэн байна. Тэрээр халхын шоронд олон янзын хараал жатга хийж нэрд гарсан бөгөөд зарим үед бороо ус хариулдаг байсан гэдэг.
Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Сүрэнгийн Пүрэв-Очир мэргэ төлөгийн хэргээр олон жил шоронд суужээ. С.Пүрэв-Очир нь хараал жатгыг сайн хийдэг тул хүмүүс айж бишүүрхдэг байж. Хумсын чинээ түүхий мах, 41 ширхэг шар будаагаар хараал хийж, 41 өглөө шар будааг нэг нэгээр нь цацдаг байсан гэдэг. Гяндангийн 105 номерийн өрөөнд Ц.Батсуурь, 104 номерийн өрөөнд С.Пүрэв-Очир суудаг байжээ. Гэтэл тэд нэг өдөр маргалдсан байна. “Хөгшин хонины насгүй байж, янз бүрийн хараал хийж байхаа болиорой. Ер нь чиний хараал хийдэг гэж юу байсан юм” гэж Ц.Батсуурь аархжээ. С.Пүрэв-Очир бухимдаж “За яах вэ. Би чамайг гүйцээхгүй, дутуу орхиж насан туршид чинь тамлана” гэж занаад, шөнөжингөө нойргүй хоносон байна.
Хамт хоригдож байсан “Галзуу” Чулуунбаатар “С.Пүрэв-Очир ах аа, та унтаач” гэхэд шөнөжингөө хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд дөрвөн хөллөөд хэвтчихсэн байна. “Бие чинь зүгээр үү” гэхэд хоёр нүд нь час улаанаар эргэлдэж, тасралтгүй маани мэгзэм шившиж, их л аймшигтай болсон гэдэг. Тэгээд Чулуунбаатарыг дуудаж “Надад ус, хөө, балин гурав хэрэгтэй байна” гэжээ. Чулуунбаатар наарныхаа банзнаас зоргодос гаргаж шатаагаад хөө гаргаж, нормынхоо талхыг базаж балин шиг юм хийж усны хамт өгсөн аж. Тэдгээрийг аваад янз бүрээр элдэвлэж, час улаан нүд эргэлдүүлэн маань мэгзэм тасралтгүй уншсан байна. Гэтэл шөнө дундын үед хажуу талын 105 номерт тас няс хийгээд явчихаж. Ц.Батсуурь өрөөнийхөө төмөр хаалгыг толгойгоороо зад мөргөжээ. Өглөө 06:00 цагт гяндангийн хоригдлууд бие засах гэж цувраад гартал Ц.Батсуурийн амнаас нь шүлс, нүднээс нь нуух гоожчихсон, нэгэн чигтээ гөлийгөөд салга өвчтэй мэт болчихсон байж. Харин С.Пүрэв-Очир хэдхэн хоногийн дараа цаазлуулсан байна. 25 мянгатын Жадамбаагийн хэргээр цаазлуулсан гэж өдгөө хүртэл хүмүүс ярьдаг.
Эдүгээ цууд гараад байгаа үзмэрч Дашцэрэн халхын шоронд хэдэн жил ял эдлэхдээ мэргэ төлөг юу ч мэддэггүй бяцхан “ангаахай” байсан аж. Ер нь халхын шоронгийн түүхэнд засаг цагаан түмпэнгээр хэн нэгнийг дуудсан тохиолдол цөөнгүй. Тэр бүү хэл мөрдөн байцаагчаа дуудаад хажуудаа авчихсан тохиолдол Мааньтын шоронд гарсан байна. Засаг цагаан түмпэнгээ нар буруу 15 удаа даллахдаа “Том дарга, цагдаа, албан хаагч, өс хонзонтой бүх хүн минь, та бүхэн наашаа манайд ирж тавтай морил. Жангаа идэж, шар айраг уу” гэж хэлээд шөнө болгон хажуудаа зай гаргаж хэвтдэг байна. Хамгийн аюултай, ганц найдвартай авчирдаг арга бол хорих зоонуудад явагддаг “хар сав”-ны даллага ажээ. Хоригдлууд ил задгай гал дээр дүүжилж хоолоо болгодог тогоогоо “хар сав” гэж нэрлэдэг. Уг даллагыг үйлдэхдээ дуудсан хүнийхээ нэрийг муутуу цаасанд бичээд гурван цагаан чулууны хамт хар савандаа хийж, нар буруу 15 удаа эргүүлж далладаг байна.
Хорих газар иймэрхүү дуудлагыг маш сайн хийж мэргэшсэн тусгай хүмүүс байсаар иржээ. Түүнээс биш хулгайч болгон хар саваар хүн дуудаж болдоггүй байна. Хэрвээ уншлага, шившлэгээ буруу хийвэл өөрийнхөө төрөл төрөгсдөөс хэн нэгнийг дуудчихдаг тал бий гэнэ. Зүв зүгээр ажлаа хийж явсан хүн нэг л өдөр болчимгүй үйлдэл хийгээд шоронд ордог нь хар савны даллагад өртсөн ч байж болох талтай. “Хүний хоол хийдэг саванд маш их энерги байдаг учраас засаг цагаан түмпэнгийн дуудлага өдий болтол хангинсаар байгаа юм” хэмээн шоронгоос саяхан суллагдсан нэгэн том ялтан хуучилжээ.
Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо