УИХ, Засгийн газрын гишүүд!!
Эх түүхээ уншиж эрдэмтэн, мэргэдээ сонсоно уу!
800 жилийн тэртээд Их Монгол улс, Монгол түмэн дэлхийд улс төрийн идэвх нэн өндөр үндэстэн болж чаджээ. Өнөө үед улс төрийн идэвхитэй үндэстнүүд гэсэн ухагдахуун нэг их хэрэглэгддэггүй. Улс төрийн идэвхитэй үндэстнүүд улс төрийн гүн ухааныг улс төрийн том бодлогоор амилуулах туршлага олж чаддаг. Энэ нь ялангуяа Их Монгол улсын бодит түүхээр нотлогдсоор иржээ. Улс төрийн идэвх өндөртэй үндэстэн юуны өмнө улс төрийн соёл, улс төрийн ёс зүйг дээд зэргээр эрхэмлэж чаддаг билээ. Үүнтэй уялдаж Монголчуудын сэтгэхүйн ёс төрх төлөвшжээ. Ийм ёс төрхийг түгээхэд оюуны мэлмий, номын хишиг, онолд гэгээрэхүй нэн чухал бөгөөд Монголчуудын ажил үйлсийг нэгэн чиглэлд оруулахад үндэсний дархлаа онцгой үүрэг гүйцэтгэж байдаг.
Энэхүү үндэсний дархлаа нь Их Монгол улсыг бадраах, түвшин сайхны нийгэм цогцлуулахад шууд чиглэгдэнэ. Их Монгол улсыг бадраах үндэсний дархлаа нь Монголчуудын сэтгэхүйн ёс төртэй шууд уялдаж, зон олон туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагдана гэсэн улс төрийн гайхамшигт томъёоллоор илэрдэг байв. Үндэсний дархлаа нь хамтын хариуцлага, мон-ыг голлох чиглэмжтэй амилаг холбоотой төдийгүй бас аливааг угтаж хийх дэг, угтан мэдэхүй гэсэн хоёр оньсоор дамжин онолын дээд сэтгэхүйтэй холбогддогийг хэлэх хэрэгтэй. Онолын дээд сэтгэхүй нь алтан хайрцагны бодлого болон түвшин сайхны их засагтай, чухамдаа есөн ухаан, найман оюунаар шүтэлцэн баталгааждаг билээ. Их Монгол улсыг дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болгосны нэгэн илрэл нь дэлхий ертөнцийг их монголчууд улс төрийн нэн өндөр идэвхжлээр, ертөнцөд түвшин сайхныг цогцлоох лут бодлогоор аварна хэмээсэн агуу томъёолол гэрчилдэг юм. Энэ нь бас дэлхий ертөнцийг дээд онолоор түвшитгэх гадаад бодлогод тусгагддаг бөгөөд ийм бодлогыг үнэлж бусад улс үндэстнүүд “Их Монголчууд хэзээ ч шунаг сувдаг дайн хийдэггүй агуу улс төрч үндэстэн мөн" гэж үздэг байв. Их Тэмүүжин Чингис хааны улс төрийн том бодлогод
“Дайн тулаанд шархдан унасныг
Дайсан, өөрийн хэмээн бүү ялга
Дайн тулааны хөлөөс холдуул
Даруй түргэн асран эдгэрүүл” хэмээсэн лут зарлиг тусгагдсаныг олон улс үндэстнүүд сайн мэдэж байжээ. Тулаанд шархдсан дайсны дайчдыг гүйцээж алах биш харин хүнлэг ёсны шалгуураар даруй түргэн асран эдгэрүүлэх нь Монголчуудын цэрэг дайчдын улс төрийн соёл, ёс зүй нэн өндөр түвшинд хүрч очсоныг гэрчилж байна. Түүхийн эх сурвалжуудаас үзвэл, Монголын цэрэг дайчид эд мөнгөнд шунадаггүй, уугуул иргэдийг хүндэтгэж, жинхэнэ улс төрийн идэвхи өндөртэй үндэстний бие төлөөлөгчийн жишээг харуулж чаддаг учраас олон улс орнууд Их Монгол улсад шууд дагаар ордог байжээ.
Бидний өвөг дээдэс тулгуур гурван онолоо төгс ашиглахгүйгээс 400 жилийн зэвүүн цаг ирнэ гэдгийг оношилсон төдийгүй бас “Мон”-ыг “гул" болгодог 400 жилийн цөвүүн цаг зэвүүн цагийн араас амилна гэсэн лут таамаглалыг дэвшүүлсэн.
Зэвүүн болон цөвүүн цагийн гол гол шинжүүдийг 800 жилийн тэртээд өвөг дээдсүүд маань томъёолсон бөгөөд бид цөвүүн цагийн шинж тэмдгүүдийг заавал тэсч үлдэх онолтой уялдуулж зэвүүн цагийн хэд хэдэн шинжийг дурдах нь зүйтэй болов уу!
Монголчуудын амин чанар харлах нь тэдний эрчим хүчийг ховсдуулна. Ингэснээр Монголчууд мууд дасч, мунхаглал руу хуйлрах бөгөөд бас зовлонг жаргалаар сэтгэснээс Монголчуудын зан төрх зэрлэгшлийн шинж олно. Мунхаглал, зэрлэгшил даамжирмагц Монгол улс маань өстөнгүүдийн талцаан болж хувирна. Чухал чухал нууцуудыг задалж чалчих, өөрсдийгөө мундаг гэж онгирох явдал Монголчуудын дунд түгэн дэлгэрнэ. Зэвүүн цагийн өөр чухал шинж, ялангуяа манай өвөг дээдсийг их түгшээхэд хүргэсэн юм. Энэ нь юу вэ гэвэл, бусдаас эрээ цээргүй тусламж гуйх, том өрөнд баригдах явдал байв. Зэвүүн цагийн нэгэн аймшигт шинж нь Монголчууд бие биенээ алаанаар хорлож хороох явдлаар илэрдэг.
Өвөг дээдсийн маань зэвүүн цагийн улс төрийн зурхай түүхэн баримтаар нотлогдсон төдийгүй мөн цөвүүн цагийн лут оношлол зөв байсан гэдэг нь батлагдчихлаа. Онолын дээд сэтгэхүй, улс төрийн гүн ухааныг бидний өвөг дээдсүүд, ялангуяа Их Тэмүүжин Чингис хаан, түүний том хүү эрдэмтэн Тулуй, Сорхон бөө сэцэн хатан нар хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ гэдгийг гэрчилдэг.
Зэвүүн цагийн сүүлийн 60 жил /1575-1635 он/ Монголчууд бидний хувьд цөвүүн цаг руу шилжих суурь тавигдаж, улмаар Монголчууд бидний онолын дээд сэтгэхүй арчигдаж, улс төрийн гүн ухаан бүрэн мартагдаж, их гэгээрэхүйгээс аймшигт мунхаглахуй руу шилжих шилжилт эхлэв. Энэ нь Түмэдийн Алтан хаан, Автай Сайн хан хоёр Монгол гүрэнд Түвдийн шарын шашныг түгээн дэлгэрүүлэх эхлэл тавьсан явдал юм. Өнөөгийн Монголчууд бид Түвдийн шарын шашныг Энэтхэгийн буддизмтай адилтгаж үздэг. Энэ бол маш том алдаа мөн.
Түвдэд лам шашин хэд хэдэн урсгалуудтай байсан бөгөөд тэдгээр нь хэдийгээр өөр өөр сургаал номлолууд баримталдаг байсан ч гэсэн улааны шашин нилээн товойх үед бусад урсгалууд нь нэгдэж, 1400 онд Богд Зонховын чармайлтаар шар малгайтны шашныг бий болгожээ. Манай Алтан ургийнхан, ялангуяа Их Тэмүүжин Чингис хаан хэзээ ч Түвдийн шашныг бас Энэтхэгийн буддизмыг шүтэн бишрэгч байгаагүй гэдгийг бид онцлон дурдах ёстой. Үүнтэй уялдуулж Их Тэмүүжин Чингис хаан 1220 онд зарлиг буулгаж,
“Аллах хүчтэй хэмээн
Архиран бүү омтгойрогтун
Аллах айлдсан хэмээн
Алалдах шалтаг бүү болгогтун
Алив сурталтан айлсаж
Ах дүүс мэт ижилдэгтүн
Атаа өвөртлөн арцалдвал
Аврал үгүйг мэдтүгэй
Ману суртал илүү хэмээн
Мэтгэлцэж буү дайсан босго
Чину суртал буруу хэмээн
Чичилцэн бүү алалдагтун!" гэж айлджээ.
Их Тэмүүжин Чингис хааны дээрх зарлиг ямар ч л байсан Их Монгол улсын дотор элдэв шашнуудын онгироо сагсуу занг дарж, амар амгаланг сахиулахыг эрхэмлэж байв. Харилцан бие биедээ дайсагналцсан эмгэнэлт түүхийг бидний өвөг дээдсүүд онцгойлон анхааран байсныг хэлэхэд илүүдэхгүй.
Их Тэмүүжин Чингис хааны дээр дурдсан гайхамшигт зарлигийг 350 жилийн дараа гэхэд Алтан хан, Автай сайн хан хоёр ор тас мартсан явдал эцэстээ Монголчууд бидний түүхийн их эмгэнэл болж хувирав. Шарын шашин Чингис хааныг таалал төгссөнөөс хойш 170 жилийн дараа бий болж Монголчууд онолын дээд сэтгэхүйгээ, улс төрийн гүн ухаанаа, улс төрийн том бодлогоо шарын шашнаар солих маш том алдаа хийв. Эрэлхэг Монголчуудыг бид ёстой хулчгар Монголчууд болгоно хэмээн шарын шашинтнууд дөвчигнөдөг байсныг мэддэг хүмүүс тэр үед Монголчуудын дунд бараг байгаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Шарын шашинтнууд чоно Монголыг жинхэнэ номхон нохой шиг Монгол болгоно гэсэн улс төрийн уриа дэвшүүлэн 1575-1911 онд өөрөөр хэлбэл 336 жилийн турш шарын шашны мунхруулга Монголчуудын их гэгээрэхүйг устгаж, Монголчууд биднийг шарын шашны хамгийн дуулгавартай боолууд болгож хувиргав. Шарын шашинд харамсалтай нь Их Монгол улсын тухай, Монгол угсаатны амь эрдэнэ, Монгол түмэн, долоон биеэр оршдог тусгаар тогтнол, гурван түвшинд амилдаг таван тусгаар тогтнол, түвшин сайхан нийгэм, энэрэнгүй их засаглал, өвөг дээдсийн маань баримталдаг арван агуу онол зэрэг дээд оюуны илрэлүүд огт байхгүй гэдгийг бид зориуд хэлж байна. Эдгээрээс гадна шарын шашинд эдийн засгийн ухаан, улс төрийн ухаан, нийгмийн ухаан ор тас орхигдсоныг бид мэднэ. 1575 оноос хойш шарын шашин Монголд нэвтэрч эхэлсэн цаг үеэс эхлэн Монголчууд бид дэлхийн улс төрийн өндөр идэвхитэй үндэстнүүдийн жагсаалтаас хасагдлаа.
Шарын шашин Монгол улсад 115 жил ноёрхсоны гайгаас Монгол улс 1691 онд Манжийн хэмжээгүй ноёрхолд өртөж, колони орон болж хувирав. Энэ үеэс эхлэн цөвүүн цагийн аймшигт үзэгдлүүд амиллаа.
Өнөөдөр ч гэсэн Монгол улсад цөвүүн цагийн бүх шинжүүд цогцолсоор байгааг дурдах ёстой. Шарын шашны үнэмлэхүй ноёрхол 435 жил тогтнох энэ хугацаанд Манжийн колоничлол, Зөвлөлтийн далд колоничлол, гадны гурван давхар далд колоничлол цэцэглэж байсныг түүхэн баримтууд нотолсоор байна. Үүнтэй холбож бид манжийн колоничлол, хожим Хятадын далд колониализм болж хувирсныг онцолж дурдах хэрэгтэй. Манжийн колониализмын олон бохир аргуудыг Хятадын шовинист колоничлогчид Монгол улс дээр туршин хэрэглэж байгааг хэвлэл мэдээллээс бид бүгд мэдэж болно.
Өнөө үед Монгол улсыг дэлхийн улс төрийн өндөр идэвхитэй үндэстнүүдийн эгнээнд багтаах шаардлага хурцаар тавигдлаа. Энэхүү улс төрийн идэвхи өөрийн гэсэн гол шинжүүдтэй байх ёстой. Юуны өмнө Монголчууд бид гадны гурван давхар далд колоничлолыг сэтлэн гарах шаардлагатай тулгарлаа. Эдгээр шаардлагаас бид юуны өмнө шарын шашнаас холдох бас Монголчуудыг Халх монгол, эрлийз Монгол гэж зохиомлоор заагласан хорлонт бодлогыг таягдан хаях хэрэгтэй. 1990-ээд оны эхэнд Орос ах нар маань Монгол Ардын Хувьсгалт Намын том лидерүүдэд “ОШЭ" гэсэн бодлогыг баримтлах хэрэгтэй гэсэн зөвлөлгөөн өгчээ. Хэрэв “ХУЛ” гэдэг нь “хуйвалдаан, урвалт, луйвар” гэсэн гурван үгийн “ОШЭ” гэдэг нь “Оросын колоничлогчдыг дагах, шарын шашныг шүтэх, эрлийзүүдийг хавчих” гэсэн гурван лут бодлогын товчлол юм.
Их Оросын колониализм, шарын шашин Чингис хааны онол, үзэл, бодлогод шууд харшилдаг билээ. Монголын ард түмний эв нэгдлийг хангахад, гадны гурван давхар далд колониализмыг сэт цохиход Монголын ард түмнийг халх монгол, эрлийз монгол хэмээн зааглахгүй байх явдал чухал ач холбогдолтой гэдгийг олон Монголчууд ойлгоно. Орос ах нар маань Их Монгол Улсыг бадраах чиглэлийг тууштай баримталдаг Монголын үндэсний үзэлтнүүдийг үзэн яддагийг, хороож цөөлдгийг манай эмгэнэлт түүх харуулсаар байна. Өнөө үед Их Тэмүүжин Чингис хааны үзэл, онол, бодлогод суурилсан жинхэнэ үндэсний үзэл Монголчуудын дунд сэргэж эхлээд байгааг дурдахад нэн таатай. Ялангуяа Монголчуудын жинхэнэ үндэсний үзлийг түгээхэд бидний өвөг дээдсийн баримталдаг Дээд онол үнэхээр гол түлхэц болж өгнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй.Бид үүнтэй уялдуулж, Их Тэмүүжин Чингис хааны Дээд онолыг, Дээд үнэнтэй шүтэлцүүлсэн нэгэн гоц сүлжээг дурдах нь зүйтэй болов уу!
Дээд үнэн бол Дээд онолын амьд биелэл мөн. Энэхүү томъёололтой уялдаж, Их Засаг бол онолын дээд сэтгэхүй мөн гэсэн нэгэн чухал дүгнэлт байдаг. Дээд үнэн гэр бүлийн дотор оршиж амилна гэсэн хоёр дахь лут дүгнэлт бас байдгийг хэлье. Бидний өвөг дээдсүүд өнөөгийн бидний бараг хэрэглэдэггүй чухал чухал томъёоллуудыг ашиглаж байсан билээ. Тухайлбал, дээд онолд гэгээрэхүй, дээд онолоор үйлдэхүй, дээд онолоор амьдрахуй гэсэн гоё тодорхойлолтууд юм. Дээд онолд гэгээрэхүй гэдэг нь хамтын хариуцлагыг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой. Дээд онолоор үйлдэхүй гэдэг нь улсаа өмөөрч босоо оршихуйн есөн ухаан хэрэгжүүлнэ гэсэн утгатай.
Дээд онолоор амьдрахуй гэдгийг бидний өвөг дээдсүүд хамтын хариуцлага, амжилт, удирдагчид дор улс багтдаг гэсэн утгаар ярьдаг байжээ. Өрх айлын түвшинд дээд онолоор амьдрахуй гэдэг нь тооно, унь, хана дор гэр багтдаг гэсэн утга илэрхийлдэг. Дээд онол шууд дээд үнэнээр илэрдэг. Дээд үнэн нь дээд онолын хэрэгжилт мөн гэж үзэж болно. “Ялахын тулд үхэх биш гэгээрэх ёстой” гэсэн гайхамшигт томъёолол зөвхөн дээд онолыг эзэмшсэн их Монголчуудын дунд түгэн дэлгэрсэн байжээ. Үүнтэй уялдаж, амьдралыг зорилго болгох шаардлага гардаг бөгөөд бас мэдлэг, засаг хоёроос гэгээрэхүйг олох чадварыг Монголчууд төгс эзэмших хэрэгтэй гэж өвөг дээдсүүд маань хойч үрсдээ сургамжилдаг байв. Хүслээр бадрахад эцэг засаг /тэнгэр/ болж, эх бодлого /зарлиг/ болж явдгийг бидний өвөг дээдэс дээд үнэн хэмээн үздэг. Үүнээс үзвэл тэнгэр, зарлиг гэсэн хоёр үг цаад утгаараа засаг бодлого гэсэн чухал санааг илэрхийлдэг юм. Үүнээс гадна хэрэглээ, зорилго, сонголт гурваар хүслийг удирдана гэсэн нэгэн томъёолол бий. Үүнтэй уялдаатайгаар Их Монгол улс нь Их Засгийн хүчинд есөн хүслээрээ бадран мандах нь дээд үнэн мөн гэж Монголчууд томъёолдог байв. Эхээс уламжлагддаг дотоод амин хүчийг Монголчууд чадварлаг ашиглаж сурах нь түвшин сайхан нийгэм цогцлуулахад нэн чухал гэсэн тодорхойлолт бас дээд үнэнд багтаж явдаг.
Эцэст нь “Мон”-оор амьдарвал Их Монгол улс тэнгэрийн агуу хүчин болж хувирна гэсэн гайхамшигт томъёолол нь дээд онол болон дээд үнэний яруу тод илрэл нь болсоор байна. Дээд үнэн, дээд онолын цаана нь мэдсэнийг онол болгож гэгээрэхүйд хүрнэ” гэсэн чухал сургаал эцсийн эцэст суу билиг хэмээсэн агуу ухагдахуун бий болгожээ.
Дээд зөн гэдгийг Монголчууд суу билиг, суу зөн хэмээн нэрлэдэг гэдгийг бид мэдэх ёстой. Ер нь зөн гэсэн ойлголт үлэмж түгсэн ойлголт мөн. Өвөг дээдсүүд маань 5 тулгуур зөн, 7 дээд эцэг зөн гэдгийг амьдрал ахуйдаа, ажил үйлсдээ хэрэглэдэг. Их Тэмүүжин Чингис хааны 7 дээд эцгийн зөнг Их Монгол улсын төрийн дээд зөн хэмээн өргөмжилж байсныг бид зон олондоо сонсгоё гэж бодож байна. Зөн бол түмэн олны хувьд, улс үндэстний хувьд агуу хууль болж байдаг.
Одоо бид 7 дээд эцгийн зөнг тодруулъя. Есүхэй зөн нь төвөгтэй цагт Их Улсаа аюулаас аварна гэсэн чиглэмж илэрхийлдэг. Бартан зөн нь үрсүүдээ мунхаглалаас аварч тэсэж гарахуйн ухаан илтгэдэг зөн юм. Хабул зөн нь шулуун, нялуун, халуун дайнаас ард олноо аварна гэсэн санааг илтгэнэ. Тумбинай зөн нь бүрэн улсаа дайснаас хамгаалахыг урьтал болгодог бөгөөд бас үндэсний дархлааг мэдвэл зохихыг илэрхийлнэ. Барс шонхор зөн нь Их Засгаа сүйтгэлээс аварч тэмцэнэ гэсэн утга агуулж явдаг. Хайдав зөн нь 7 биеийг хорлохоос, засгийг өслөхөөс, баялгийг хоослохоос хамгаалдаг. Хачи хүлэг зөн нь 9 ухаанаар, 8 оюунаар, дээд зөнгөөр эзэн эрхээ эдэлнэ гэсэн утгатай. Ингэж 7 дээд эцэг зөн гэсэн гайхамшигтай томъёолол зөвхөн Монголчууд бидний дунд хэрэгжсэнийг бид зориуд дурдан хэлж байгаа юм.
7 дээд эцэг зөнгөөс гадна 5 тулгуур зөн байдгийг бид дурдсан билээ. Энэ 5 тулгуур зөнг 5 суу зөн гэж нэрлэдэг. Огторгуйн зөн нь амьдрал оршихуйг 16 хар зөнгөөс хамгаапах зорилготой. Газарч зөн нь тархины тураалыг зогсоох увидастай. Бөө зөн нь улс гэрийг 16 хар зэмээс хамгаалдаг. Бөх зөн нь “ир-гүн"-үүдийг аварна. Гэгээн зөн нь эзэн эрхийг хамгаалах чиглэмж агуулна. Ийнхүү бидний өвөг дээдсүүд 7 дээд эцэг зөн, 5 тулгуур зөн гэдгийг баримталж иржээ. Эдгээр зөнгүүд нь их улс, бүрэн улс, их засаг, эзэн эрх гэсэн чухал ойлголтуудыг улс төрийн гүн ухаанд хандуулдаг бөгөөд ард олон, урс хойчис, иргүн гэсэн ухагдахуунуудыг амьдрахуйтай холбодог билээ. Дээрх зөнгүүдийн бүтцэд тархины тураалыг зогсоох гэсэн нэгэн зөн бий. Мөн баялгийг хоослуулахгүй байх гэсэн зөн өнөө үед тэргүүн зэргийн ач холбогдолтой болж байна. Бидний өвөг дээдсүүд онолын дээд сэтгэхүйг дээд түвшин хүртэл хөгжүүлж чаджээ гэдгийг бидний үеийнхэн, бидний хойч үеийнхэн заавал мэдэж байх ёстой гэдгийг онцлон дурдаж хэлье.
Шинжлэх ухааны доктор П.НЭРГҮЙ
Source: Sonin.mn