Н.Номтойбаяр: Журмын нөхөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл ирлээ
Өчигдөр МАН-ын Их хурлын эхний өдөр намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг батламжилсан.
Тэгвэл түүнийг МАН-ын дарга болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж хэмээн шударга ёс тогтоно. Амжилт хүсье" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар нь МАН-ын нэг үеийн залуучуудын төлөөлөл. Тэд 2013 онд “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуулж байв. Уг хөдөлгөөнд НАМЗХ, УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, Оюутны холбоо зэрэг олон байгууллагууд нэгдэж байсан юм. Гэвч 2020 оны нэгдүгээр сард Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж МАН-аас хасах шийдвэр гаргасан.