SONIN.mn
МАН-ын нүглийг дурьдвал 100 боть багадна. Зуун жилдээ МАН-ынхан зуун жилийн бурангуй түүх үлдээж үргэлжлүүлэн ноёрхох чин санаагаа гуч дахь их хурлаар тунхаглаж, “Эдийн засгаа сэргээх зургаан шинэчлэл" хэмээн томъёоллоо. Ичмээр юм. Үгээрээ гийгүүлж, амаараа ч итгүүлдэг архаг зангаа давжаа сайхан ярьж, муухан биелүүлдэг зуршилтай шүү дээ. МАН-ыг шувуутай зүйрлэвэл анхандаа Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцэлд ард иргэдээ сэрээсэн гэж сайрхдаг байсан. Тахиа донгодож, өглөөг авчирлаа гэдэг үлгэрийг санагдуулна. Тахиатай тахиагүй үүр цайж өглөө болно.
VIII Богд тэргүүтэй Монголчуудыг эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэлд сэрээснийг түүх гэрчилнэ. Оросын большевикчууд, Коминтернийг дагаж, 1930-аад онд хоморголон хороох яргалал үйлдэж, хон хэрээ болсноо харуулсан. Дэлхийн байдал, улс төрийн уур амьсгал арай зөөлрөхөд МАН шаазгайн дүрд хувилж, сайн үйлсийн эзэн мэт авирласан.
Ардчилсан хувьсгалын он жилүүдэд энхийн цагаан тагтаа ч юм шиг, цэнгэлийн шувуу хун ч юм шиг гэгээн зүстэй мэт авирлаж байна. Зүс яах вэ, дотор гэж бий. Эдүгээгийн МАН үнэнийг хэлэхэд, “Цагаан хэрээ" болсон гэхэд дэгсдэхгүй. МАН-ын засаглалын эдүгээ цагт хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, хууль ёс гажуудаж, авлига хээл хахууль хорт хавдар мэт дэлгэрч алийгаа алдсан авлигачидтай, алуурчидтай МАН тэмцэнэ гэвэл өөртэйгөө үзэлцэнэ гэсэн үг. Түүнд хэн ч итгэхгүй. Үнэхээр л шударга юм бол Ц.Нямдорж, С.Батболд нараа хэрэгтний ширээнд суулгахыг харъя л даа. Ардчиллын үнэтэй, цэнэтэй бүхнийг үгүйсгэж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарыг гүтгэн доромжилж, нэр төрийг нь харлуулсаар байгаа. Ерөнхий сайд, Намын дарга Л.Оюун-Эрдэнэ үеэлээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, зоргоороо авирлаж, дураараа дургиж буйг илтгэн харсаар байгаа.
Х.Нямбаатар бол ёстой л шударгын эсрэг “нян бактерич" болсныг нийтээр зэвүүцэж байгаа. Үүнийг бичигч би бээр хувь хүнийг хэрхэн хэлмэгдүүлдийг биеэрээ эдэлж явна. Эдгээрийг үндэслэн дарангуйлагч МАН-ыг татан буулгаж, хөрөнгө санхүүг нь хурааж авлигын эсрэг тэмцэлд хэрэглэхийг уриалж байна.
СХД-ийн 29-р хорооны иргэн Жамсрангийн ДАРЬХАНД