Авлига авсан хэмээн баривчлагдсан НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх гэж хэн бэ?
Өнгөрөгч долоо хоногт НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Д.Жүрмэддорж нарыг Авлигатай тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилжээ.
Тэднийг албан тушаалаа ашиглан авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан байна. Тодруулбал, "Алтанбогд” орон сууцны хотхоны барилгын ажлын явц дутуу /80 хувьтай/ байхад тус барилгын ажлыг захиалагч "Эсү трейд" ХХК-ийн захирал С нь барилгыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр Эрдэнэбулгаар дамжуулан тус дарга нарт хахууль өгсөн нь эхний байдлаар тогтоогджээ.
“Есүтрейд” ХХК-ийн захирал С нь “Сандэй групп”-ийн захирлын төрсөн охин аж.
М.Баянмөнх гэж хэн бэ
Түүний хувьд 2015 он хүртэл НМХГ-ын Стратеги төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж байгаад НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны тушаалаар Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдож байв. Улмаар 2017 онд мөн л тушаал дэвшиж Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм.