Аймгийн харцага Ж.Дэлгэрсайханы үйлдэлд МҮБХ хариуцлага хүлээлгэх үү?
24TSAG.mn
Ардчилсан намын 30 жил, үндэсний анхдугаар чуулганд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, шинэ заан Д.Анар түрүүлж, харцага Н.Золбоо үзүүрлэв. Тэд 2019 оны наадмаар хамтаар зургаа давж харцага цол хүртэж байв.
Гэхдээ нэгийн даваанд аймгийн заан Б.Батбаян, аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан нарын барилдааны төгсгөл жаахан таагүй харагдсанаас бусдаар сайхан барилдаан болов.
Болсон явдлыг нягталж, барилдааны бичлэгийг хэд дахин үзлээ. Аймгийн заан Б.Батбаян яах аргагүй учраа бөхөө илүүрхэн давсан байна. Шүүлтийн хувьд маргаангүй. Харин харцага Ж.Дэлгэрсайхан чанга унасандаа шаралхав уу, өрсөлдөгч бөхөө цохиж харагдлаа. Өнөөх илүү цолтноо хүндлэх хүндлэл, бөхийн жудаг лав тэр хүнд алга.
Энэ барилдаан юутай ч МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням нарын нүдний өмнө өрнөсөн юм. Тэд энэ үйлдлийг хараад нэгийг бодсон байгаа. Ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхийн толгойг дахин илэхгүй байлгүй дээ. Энэ барилдаанд түрүүлсэн улсын заан Д.Анарын өнгөрсөн зуны ёс зүйгүй үйлдэлд арга хэмжээ аваагүй юм. Д.Анар заан уучлал гуйсан болоод өнгөрсөн. Үүнээс улбаалж, залуу бөхчүүд жудаггүй үйлдэл гаргаж байна. Сүмо, жүдо, чөлөөт бөх шиг хатуу шийтгэл манай үндэсний бөхөд үгүйлэгдэж байна.