24TSAG.mn
Яг баттай хэлсэн гэдгийг нь мэдэхгүй юм. Ямар боловч Испанийн эзэн хааны баг "Реал Мадрид"-ын дасгалжуулагч асан Висенте Дель Боске мөнхийн өрсөлдөгч Каталоны "Барселона" клубын талаар "Намайг Реал-ыг дасгалжуулж байхад Барса-гийнхан ойн баяраа л тэмдэглэдэг байлаа" гэсэн гэдэг. Түрүүлж болох бүх цомыг нь өрсөлдөгч "Реал Мадрид"-ынхан өргөчихсөн учраас "Барселона"-д ердөө клубын ойгоо тэмдэглэх л үлдсэн гэж ёжилж байгаа хэрэг л дээ. Энэ хоёр баг бол зөвхөн хөлбөмбөгийн спорт төдийгүй тусгаар тогтнол, салан тусгаарлах үзлийн илэрхийлэл болдог учраас үргэлж хоорондоо амжилтаараа өрсөлдсөөр ирсэн. Хоорондын тоглолтыг нь ч дэлхий нийтээрээ "Эл Класико" хэмээж хүлээж үздэг уламжлалтай.
Тэгвэл Монголын улс төрийн хоёр том "клуб" МАН, АН-ын нөхцөл байдал Висенте Дель Боскегийн үеийн Испанийн Ла лигийг санагдуулам. Засгийн эрхийг ээлжилж, эсвэл эвсэж барьсаар ирсэн энэ хоёр намын өнөөгийн нөхцөл байдлаас харахад "Реал" нь МАН юмдагуудаа. УИХ-ын сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, нийслэл, орон нутагт ч засаглаж байгаа МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ч үнэмлэхүй ялалт байгууллаа.
Хөлбөмбөгөөр бол лигтээ, Аваргуудын лигт гээд авч болох бүх цомыг тэд өргөөд байна. Харин АН-д үнэндээ юу ч үлдсэнгүй. Дотоод улс төрөө дааж чадахгүй байгаа энэ намд ардчиллын төлөөх намууд нэгдсэн арванхоёрдугаар сарын 6-ны ойн өдөр нь ч үлдсэнгүй.
Эрх баригч МАН-ынхан энэ өдрийг нь товлож байж намын 30-р Их хурлаа өнөөдөр хийж байна. Доромжлол гэлтэй. Тэгэхээр АН-д өнгөрсөн түүх нь л үлдсэн болохоос өнөөдрийн ялалтын баяр, үгүй ядахнаа таван нам нэгдэж АН байгуулгагдсан ой нь ч үлдсэнгүй. Бүгд МАН-д очлоо.