Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хот бүгд Азид бүртгэгджээ
ӨДРИЙН СОНИН
Дэлхийн агаарын чанарын индексийг хөтөлдөг "IQAir" байгууллагын мэдээллээр өнгөрсөн 2020 онд агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлсэн 100 хот нь бүгд Ази тивд бүртгэгджээ. Тодруулбал, агаарын бохирдол ихтэй хотуудын тоогоор Энэтхэг, Хятад, Пакистан улсууд тэргүүлсэн байна. Энэтхэгт агаарын бохирдолтой 46 хот байгаа бол Хятадад 42, Пакистанд зургаа, Бангладешт дөрөв бүртгэгджээ.
Үүний зэрэгцээ агаарын бохирдлоор тэргүүлж буй 10 хотын ес нь Энэтхэг улсад бүртгэгдсэн байна. Харин хамгийн их агаарын бохирдолтой хотоор Хятадын алс баруун хязгаарын Шинжаан-Уйгурын Хотан хот нэрлэгджээ. Тус улсад агаарын бохирдлын хэмжээ 2020 оны гуравдугаар сард хүний эрүүл мэндэд нэн хортой түвшинд хүрсэн байна.
"IQAir" нь хот тус бүрийн агаарын чанарыг агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-аар хэмждэг аж. ДЭМБ-аас өнгөрсөн есдүгээр сард хүний эрүүл мэндэд хортой энэхүү нарийн ширхэгтэй тоосонцорын агаар дахь агууламжийн зөвшөөрөгдсөн хэмжээг куб метр агаарт 10 микрограммаас 5 болгож бууруулсан. Энэ нь автомашины түлш шатаалт, аж үйлдвэрийн яндан, хөдөө аж ахуй, биологийн биетийг шатааснаас үүдэн гардаг. Нарийн ширхэгтэй тоосонцор нь хүний биед уушгины хорт хавдар, тархины цус харвалт, астма, зүрхний өвчин үүсгэдэг.
Өмнө нь 2012 онд ДЭМБ-аас долоон сая хүн буюу дэлхий дээр нас барж буй найман хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна гэж мэдээлж байв.