Улсын эмнэлэгээр үйлчлүүлсэнээс “үхсэн нь дээр”
-Редакцад ирсэн иргэний захидал
Өвдөг , шилбэ, хөл гарын хурууны уе янгинаж өвдөөд, тайван унтаж чадахаа болив. Сүүлийн хоёр caр энэ мэдрэмж намайг зовоосон тул шалтгааныг нь тодруулж, эмчлүүлэхээр Өрхийн эмнэлэг бараадла.
Сүүлийн дөрөв хоногийн турш улсын эмнэлгээр үйлчлүүлэхдээ залхаан цээрлүүлэлт , тамлан зовоолтыг жинхэнэ утгаар нь мэдэрлээ...
Эхний өдөр :
Үений үрэвсэл тодорхойлох, кальци, витамины дутагдалд орсон, эсэхийг лавлах шинжилгээг улсын эмнэлэгт хийдэггүй юм байна. Тиймээс эмч дээрх шинжилгээнүүдийг хувийн лабораторид өгч, хариугаа аваад ирээрэй хэмээв.
Хоёр дахь өдөр :
Өглөө 8.50 цагт ажлынхаа ойролцоо байх хувийн лабораторид очиж шинжилгээ өгөхөд таван минут л зарцууллаа. Найрсаг үйлчилгээтэй, түргэн шуурхай. Цагийн дараа шинжилгээний хариу гарсан гэх зурвас ирэв. Хариуг заавал очиж авах шаардлагагүй бөгөөд eclinic.mn рүү нэвтрээд л мэдэх боломжтой.
Гурав дахь өдөр :
Өрхийн эмчдээ шинжилгээний хариугаа үзүүлтэл “Д витамины дутагдалд орсон, уе нь үрэвсэл эхэлсэн тул яаралтай эмчлүүл" гэв. Мөн "Яг одоо гараад "Пенициллин Ж" гэх тариаг дагалдах хэрэгслийн хамт авчираарай. Эл тариаг хийхээсээ өмнө сорил тавина" хэмээв. Эмчийн бичиж өгсөн жорыг хайж хэд хэдэн эмийн сангаар орлоо. Зарим эмийн санд тариур тасарсан, харин нөгөөд нь тариa Tacapcaн байв. Ямартай ч гурван эмийн сангаас хэсэгчлэн авч, тариа болон дагалдах хэрэгслийг нь бүрдүүлэв. Арайхийж тариагаа олоод, өрхийн эмнэлэгт очтол цайны цаг болоход ганц минут дутуу байв. Үүдэнд халуун үзэж, бүртгэж суудаг эгч " Ганцхан тариа юм чинь эмчийг нь гарахаас өмнө гялс орчих " гэв . Гэвч намайг үзсэн эмч аль хэдийн гараад явчихжээ. Өөр эмчээс "Ганцхан тариа хийгээд өгөөч” гэж гуйтал сувилагч дуудаад, өөрөө цайндаа гарлаа. Сувилагч орж ирснээ "Би цайндаа орж байна шүү дээ, яах гэж хүн дуудуулаад байгаа юм. Тэгсэн ч сорил тавих нэг граммын зүү алга” гэж хэлсэн тул буцахаас аргагүй байдалд оров. Улмаар цагийг эмнэлгийн гадаа өнгөрүүллээ.
Цайны цагийн дараа өрхийн эмнэлэгт очиж , сорилоо тавиуллаа. Харамсалтай нь "Пенициллин Ж" гэх тариа надад харшлав. Энэ тариаг 21 хоногт нэг удаа, гурван жилийн хугацаанд хийлгэнэ гэж эмч хэлж байсан. Хийлгэх ёстой тариа маань харшилсан учир өөр ямар эмчилгээ хийлгэх ёстойгоо асуух гэтэл эмч "Хувийн ажилтай" хэмээн явсан байв. Өөр эмчээс асуухын тулд цаг гаруй хүлээв. Гэтэл тэр эмч хуралд орчихсон. Тэнд үзүүлэхээр дугаарлаж байсан настай хүмүүс хоорондоо ойр зуурын сонин хачин ярьж, эмчийг хүлээсээр. Харин миний хувьд тэвчээр алдарч, өмнө үзүүлсэн эмчийнхээ утасны дугаарыг тэмдэглэж аваад , өрхийн эмнэлгийг орхив. Бичиж өгсөн тариа нь харшилсан гэдгийг эмчдээ хэлтэл “Нэгдүгээр эмнэлэгт үзүүлээрэй. 13-р маягт хийж өгнө гэв. Нэгдүгээр эмнэлэгт цаг авах гэтэл "2020 оны нэгдүгээр сарын эрүүл мэндийн даатгалын мөнгөө төлөөгүй тул эмнэлэгт цаг өгөхгүй” гэв. ЭМД-аа 1800-1363 дугаарт залгаж байгаад төлөх боломжтой гэсэн ч эл газар нь ажлын цаг дуусаагүй байхад утсаа огт авсангүй. "Ebarimt"-aap нэвтэрч төлөх гэтэл “Нэг жил, эсхүл зургаан сар" гэх хоёр л сонголт байв. Би нэг сарын мөнгө л төлөх шаардлагатай тул энэ үйлчилгээ надад тохирсонгүй.
Дөрөв дэх өдөр :
Өглөө цаг гаруй хүлээсний эцэст өрхийн эмчтэйгээ дахин уулзав. Эмчийн хэлснээр би ЭМД- аа төлөөд 72 цагийн дараа баталгаажна. Энэ хугацаанд эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй гэсэн. Харин 72 цагийн дараа Улсын Нэгдүгээр эмнэлэг, дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлэг гэх гурван газарт цул эрхтний эхо, зүрх судасны бичлэг, хеликобактерын шинжилгээ, үе мөчний тасаг зэрэг газарт цаг авч, үзүүлэх юм байна. Энэ гэхдээ нэг удаа яваад дуусах ажил биш бөгөөд дахин хэдэн удаа дугаарлаж, цаг авахыг хэн ч хэлж мэдэхгүй.
Өрхийн эмнэлгээс гараад, ЭМД-ын дутуу төлсөн нэг сарын 4200 төгрөгийг тушаахаар дүүргийн Эрүүл мэндийн даатгалын төв рүү явав. Цаг хэмнэх зорилгоор замдаа 1800-1363 гэсэн дугаар луу 4-5 удаа залгасан боловч мөн л холбогдож чадсангүй. Уг нь энэ дугаарт холбогдож чадвал, заавал очих шаардлагагүй юм сан.
Эрүүл мэндийн төв дээр очтол миний өмнө 37 хүн үйлчилгээ авахаар хүлээж байв. Нэг цаг дугаарлаж байтал 12.00 цагт цайны цаг болох гээд хүмүүсийг яаруулж эхлэв. Хамгийн ойлгомжгүй зүйл нь арайхийж, миний дугаар болж, ажилтан дээр ортол тушаах мөнгөн дүнг нь цаасан дээр бичиж өгөөд, банканд тушаагаад, буцаад ир гэв. Энэ мэтээр олон иргэн төрийн үйлчилгээ авах гэж ажлаа алдаж, хайран цагаа урж байгааг харахын зэрэгцээ, өөрийн биеэр мэдэрч үзлээ. Уг нь 1800 1369 лавлах утсаа авсан бол иргэд ийн хэд буцаж, хэд явж цагаа үрэхгүй, даарахгүй байх байсан болов уу.
Даатгалаа төлсөн ч дараа нь эмнэлгийн үйлчилгээ авч, эмчилгээ хийлгэхийн тулд дор хаяж 14 хоног шаардах юм байна. Үүнээс үзвэл надад төрийн байгууллагаас үйлчилгээ авах нь залхаан цээрлэл, шийтгэл хүртэж байгаа мэт л санагдлаа. Уг нь эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг авах гэж бид Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал төлдөг биз дээ. Миний хувьд улсын эмнэлгээр дөрөв хоног үйлчлүүлсэн байж авахыг хүссэн үйлчилгээнийхээ 30 хувийг ч авч чадсангүй. 14 хоног ажлаа алдаж байхаар, ажиллаж олсон мөнгөөрөө хувийн эмнэлэгт дугаарлахгүй, дээрээс нь таатай орчинд, түргэн шуурхай үйлчилгээ авсан нь дээр гэх шийдвэрт хүрэв. Хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрсдлээс хамгаалах хэрэгтэй гэдэг. Гэвч ийм төвөгтэй газраар үйлчлүүлж, урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахыг хэн хүсэх билээ. Иргэдээ шийтгэж байгаа юм шиг, залхаан цээрлүүлдэг, зохион байгуулалт муутай манайх шиг улс хаана ч байхгуй биз.
Source: Unuudur.mn